sonin.mn

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад хэрэгжүүлж буй НҮБ-ын энхийг дэмжих “UNMISS” ажиллагаанд манай улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид 2012 оны 4 дүгээр сараас оролцож байна. Монголын энхийг сахиулагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн тухай мэдээллийг дахин ирүүлжээ.

Өчигдөр гэхэд ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн 4 иргэнийг анзаарч, нуусан байсан зэвсэглэлийг илрүүлж үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан мэдээ нийгэмд тархсан. Тэгвэл энэ сарын 25-нд НҮБ-ын бааз болон дотоодын дүрвэгсдийн хуаранд халдсан халдлагыг Монгол Улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүн амжилттай няцаасан байна.

НҮБ-ын баазын зүүн өмнө зүгт 250 орчим метрийн зайнаас ойролцоогоор 40 гаруй сумаар чиглэсэн болон үргэлжилсэн буудлага явагдаж байсан учраас харуулын цэгүүдийг хүч нэмэгдүүлж, шуурхай бүлгийн бүрэлдэхүүнээр хуягт техникүүдийг гаргаж, хүчжүүлсэн хамгаалалтыг богино хугацаанд зохион байгуулсан аж. Зэвсэглэсэн этгээдүүд 30 гаруй удаа буудахын зэрэгцээ гар гранатомётоор дахин буудлага явуулж байсан гэнэ. Түүгээр зогсохгүй НҮБ-ын энгийн ажилчдын байрлал руу тооны буудлагыг үйлдэж, НҮБ-ын бааз руу гар гранатомёт/РПГ-7/-оор буудсан боловч уг гранат нь НҮБ-ын энгийн ажилчдын байрлал болон нисдэг тэрэгний зогсоолын ойролцоо унаж, аз болоход тэсрээгүй байна. Гранатыг НҮБ-ын мина хайгуул устгалын бүлгийн бүрэлдэхүүнтэй хамтран аюулгүй болгосон байна.

Буудлагын үеэр манай цэргийн баг болон НҮБ-ын ажилтнуудын хувьд ямар нэгэн хохирол амсаагүй ба олон арван хүнийг аймшигт эрсдэлд орох, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж чадсан байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг