sonin.mn
 
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны ирц бүрдэж, 10.30 цагаас эхлэв.
Эхний хэлэлцэх асуудлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Уг хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй санал гараагүй юм.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
 
Мөн Н.Батбаяр гишүүний өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг эхлүүлэв. Хуулийн төслийн талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилууллаа. Тэрбээр танилцуулгадаа “Өр гэдэг бол хугацаа хэтэрсэн зээлийг хэлдэг. Монгол Улсын хувьд хугацаа хэтэрсэн зээл болон өр байхгүй. Тиймээс өр гэдэг ойлголтыг зөв хүргэх үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулж байна. “Өр” гэдэг үгийг “Өглөг” гэдэг үгээр солих саналтай байна” гэсэн юм. Харин гишүүдийн зүгээс энэ үгийг солих нь ач холбогдолгүй гэсэн байр суурь илэрхийлж байв.
 
Тухайлбал Д.Эрдэнэбат гишүүн “Өрийн удирдлагын тухай бус Өглөгийн удирдлагын тухай хууль болох уу” гэхэд “Үг гэдэг цаанаа утгатай учиртай. Ардын намын хувьд МАХН гэж байснаа МАН болж өөрчлөгдсөн биздээ. Үгийн зөрүү гарч байж цагийн зөрүү гардаг юм” гэж Н.Батбаяр гишүүн хариулав. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг “хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ.
 
Дараа нь Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлэхийг дэмжиж, Үндэсний аудитын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг сонссоноор Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэнэ.
 
Н.Гантуяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг