sonin.mn
 
Нээлттэй засгийн түншлэл нь хэвлэл мэдээллийн салбарын мэдээлэл олж авах эрхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид өнөөдөр болсон “Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэлэлцүүлгийн үеэр онцлов.
 
Төрийн үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгох, иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хангах “Нээлттэй засгийн түншлэл”-ийг 2011 онд АНУ-ын Төрийн Департментаас санаачилсан бөгөөд эдүгээ 69 орон нэгдсэн байна. Монгол Улс түншлэлд 2014 онд нэгдэж, анхны төлөвлөгөөгөө 2014-2016 онд батлан хэрэгжүүлжээ. Төлөвлөгөөний хүрээнд хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Засгийн газрын 11-11 төв юм. Уг төвөөр дамжуулан иргэд төрийн үйл ажиллагааны талаар үзэл бодлоо илэрхийлэх, мэдээ мэдээлэл авах боломжийг бүрэн хангасан гэдгийг Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн дэд дарга Г.Ганболд хэлэлцүүлгийн үеэр хэллээ.
 
Тэрбээр, “Төрийн үйлчилгээний цахим систем болох 11-11 төв өдөрт 40-50 хүн биеэр ирж үйлчлүүлэхээс гадна 500 хүн утас болон цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авч байна. Уг төвд ирсэн санал хүсэлтийг Ерөнхий сайд, ЗГХЭГ болон бусад яамд, орон нутгийн засаг захиргааны хурал, уулзалтаар авч хэлэлцэн, хариу өгдөг. Энэ бол мэдээлэл авах, өгөх эргэх холбоог хангасан чухал алхам болсон.
 
Мөн Шилэн дансны хууль авлигал, хүнд суртлыг бууруулах томоохон алхам болсон. Анх хууль хэрэгжиж эхэлж байхад төсвийн ерөнхийлөн захирагч нар Шилэн дансаа санаатайгаар буруу хөтлөх тохиолдол байсан. Энэ нь иргэдийн оролцоотойгоор ил болж, одоо алдаагаа засаад явж байна. Түүнчлэн төрийн 250 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж буй “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна. Энэ бүх үйл ажиллагаа Нээлттэй засгийн түншлэлийн гишүүн орнуудаас өндөр үнэлгээ авсан” хэмээв.
 
Энэ удаагийн төлөвлөгөөнд Төрийн үйлчилгээг сайжруулах, шударга ёсыг нэмэгдүүлэх, төрийн нөөцийг үр дүнтэй зарцуулах, аюулгүй нийгмийг цогцлоох болон комапанийн хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн 5 чиглэлээр боловсруулж байгаа бөгөөд энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байгаа аж. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хэвлэл мэдээллийн болон, иргэний нийгмийн байгууллагуудын санал хүсэлтийг авч, төлөвлөгөөнд тусгах юм.
 
Нээлттэй засгийн түншлэл нь төр үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнах, иргэдийн мэдээлэл олж авах эрхэд тулгуурласан эргэх холбоо бөгөөд үүнд хэвлэл мэдээллийн салбар чухал үүрэгтэй. Тиймээс Нээлттэй засаглалийн түшнлэлийн Үндэсний зөвлөлд МСНЭ-ын Ерөнхийлөгч ажилладаг байна. Уг төлөвлөгөөг дэмжиж ажилласнаар хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн байгууллагуудаас мэдээлэл авах, олон нийтэд хүргэх боломж улам бүр нэмэгдэх юм. Хэвлэл мэдээллийн салбарын мэдээлэл авах эрхийг зөвхөн хуулиар хамгаалах бус энэ мэт үйл ажиллагааг дэмжих оролцоонд тулгуурлан хангах нь хэрэгтэй хэмээн МСНЭ-ын Ерөнхийлөгч Б.Галаарид хэллээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг