sonin.mn
 
АСЕМ-ын Дээд түвшний  уулзалтын гол сэдэв  улс төр, эдийн засаг, нийгэм соёлын асуудалд төвлөрч улс орнууд албан бус яриа хэлэлцээ хийдгээрээ онцлогтой. 
 
 
Тэгвэл энэ сарын 11-13-нд Улаанбаатар хотноо болсон  АСЕМ-ын “Ахлах албан тушаалтнуудын уулзалт”-аар ямар сэдэвт төвлөрч ярилцах вэ гэдэгт улс орнууд саналаа нэгтгэжээ.
 
Энэ тухай МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд АСЕМ-ын Бэлтгэл Ажлын албаны орлогч дарга Л.Оргил, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Баттунгалаг нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.  
 
АСЕМ-ын Бэлтгэл Ажлын албаны орлогч дарга Л.Оргил ярихдаа, “Тавдугаар сард болсон “Ахлах албан тушаалтнуудын уулзалт”-аар 53 орны төлөөлөгч  ирэх 7 дугаар сард болох дээд хэмжээний уулзалтад ямар асуудлыг тавьж хэлэлцүүлэх вэ гэдэг баримт бичигт төвлөрч ярилцлаа. Дээд хэмжээний уулзалтаас хоёр баримт бичиг гарна.
 
Нэгдүгээрт АСЕМ-ын 20 жилийн ойтой холбогдуулан Улаанбаатарын тунхаглал гарах юм. Улаанбаатарын тунхаглалд АСЕМ-ын түвшинд 20 жилийн хугацаанд хийсэн ажлыг дүгнэж, ирээдүйд хийх ажлыг төлөвлөнө. Хоёр дахь баримт бичиг нь “Даргын мэдэгдэл” юм. Эл баримт бичгийн гол агуулга нь улс орнуудын байр суурийг тодорхойлдогоороо онцлогтой. Монголын талаас сарын өмнө эхний төслийн хувилбарыг гаргаж 53 оронд илгээснээр тэд санаа оноогоо дэвшүүлсэн.
 
Ирэх сарын 3-нд дээрх хоёр төсөлтэй холбогдуулан улс орнуудаас санал авч дуусгаад хоёр дахь төслөө нэгтгэж боловсруулна. “Ахлах албан тушаалтнуудын уулзалт”-аар Ази Европ болон бусад орнуудын эдийн засаг, соёл, нийгэм, бүс нутгийн болоод даяарчлалын чанартай асуудлыг “Хэлэлцэх хэргийн төлөвлөгөө”-г төсөл маягаар гаргасан. АСЕМ-ын шийдвэр гаргадаг зарчим бол 53 орон нэг саналд хүрч асуудлаа шийддэгээрээ онцлогтой. Мөн АСЕМ-ын дагалдах хурлаар дээд түвшний уулзалтын хэлэлцэх асуудлыг тогтдог.
 
Энэ асуудал 7 дугаар сарын 12-14-нд болох хурлаар эцэслэгдэнэ. Улаанбаатарын тунхаглалд АСЕМ-ын албан бус яриа хэлэлцээг үргэлжлүүлэн авч явах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн. Улмаар  иргэний нийгэм, бизнесийнхэн, залуус, сэтгүүлчид, үйлдвэрчний эвлэлийнхэн, эмэгтэйчүүд гээд төрөлжсөн сэдэв рүү чиглэж оролцогчдын хүрээг тэлэх санал оруулсан. Мөн АСЕМ-ын төв байгуулах санал, санаачилга гарлаа” хэмээн онцлов.
 
“Ахлах албан тушаалтнуудын уулзалт”-аар уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, бүс нутаг, гамшгаас сэргийлэх асуудал болоод Ази Европын уялдаа холбоог сайжруулах, Солонгосын хойгийн асуудлыг хөндөхөөр тусгажээ. Мөн хүн төрөлхтний санааг чилээж буй  терроризмтай тэмцэх асуудлаар ярилцах юм байна. Улмаар дүрвэгсэд, шилжилт хөдөлгөөн бүс нутгийн хүндрэлтэй асуудлыг хэлэлцэнэ. 
 
АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар Эдийн засгийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж байсан нь сүүлийн 10 гаруй жилд тасарчээ. Үүнийг үргэлжлүүлэн зохион байгуулж хөндөх нь зүйтэй гэдэгт улс орнууд санал нэгдсэн. Мөн  Ази Европын чөлөөт худалдаа хөрөнгө оруулалтын хөтөлбөр гаргаж байсныг сэргээх санаачилга гарчээ.
 Энэ жил АСЕМ-ын дээд түвшний уулзалтын 20 жилийн ой тохиож буйгаараа онлогтой юм. 1996 онд Бангкогт АСЕМ-ын уулзалт эхлэх үед 20 гаруй орон чуулж байсан бол эдүгээ 53 улс болтлоо өргөжжээ.
 
Дашрамд дурдахад Монгол Улс дээрх баримт бичгийн төслийг тэнцвэртэй, бүс нутгийн хэмжээнд хэлэлцэх бүх асуудлыг тусгасан гэсэн сайн  үнэлгээ авчээ.
 
 Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг