sonin.mn
 
МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын цэргийн шинжээчид “Нээлттэй тэнгэрийн орон зай” гэрээний хүрээнд Чех болон Словак улсын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэх бол Их Британи, Румыны мэргэжилтнүүд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ гэж Оросын Батлах хамгаалах яамны Цөмийн зэвсгийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгдэв.
 
Оросын шинжээчид “Антонов АН-30В” нисэх онгоцоор ажиглалтын нислэгийг үйлдэх бөгөөд Чех, Румыны шинжээчид нислэгийн бүхээгт байлцаж, гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглаж байгаа болон нислэгийн параметрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянана гэж тэрбээр мэдэгджээ.
Үүний зэрэгцээ энэ сарын 30-наас ирэх сарын 3-ны хооронд Их Британи, Румыны мэргэжилтнүүдийн хамтарсан баг “Нээлттэй тэнгэрийн орон зай” гэрээний хүрээнд Румыны “АН-30” нисэх онгоцоор ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэх ажээ.
 
Хүйтэн дайны дараа Европ тивийн улс орнуудын дунд харилцан итгэлцлийг бий болгох зорилгоор авч хэрэгжүүлж буй гол арга хэмжээнүүдийн нэг болох “Нээлттэй тэнгэр” гэрээг 1992 онд байгуулсан бөгөөд түүнд нийт 34 улс, тэдгээрийн дотор НАТО-гийн гишүүн орнуудын ихэнх нь, түүнчлэн ОХУ болон төвийг сахисан байр суурьтай Швед, Финланд зэрэг орон нэгджээ. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор гишүүн 34 орны нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэх заалтыг тус гэрээнд тусгасан байна.
ОХУ уг гэрээг 2001 оны тавдугаар сарын 26-нд соёрхон баталжээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг