sonin.mn
Хэвлэлийн хүрээлэнгийн Судалгааны албанаас өнөөдөр Хэвлэл мэдээллийн салбарын мониторингийн судалгааны тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр уламжлалт хэвлэл мэдээллийн салбарын хэрэглээ буурч цахимжсан хэмээн дүгнэв.
 
Монголын хэвлэлийн хүрээлэн салбарынхаа мониторингийн судалгааг 17 жилийн турш хийж байгаа бөгөөд 1999 оноос хойш хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг баримтжуулж, чиг хандлагыг тодорхойлж иржээ. Энэ удаагийн судалгааг сүүлийн 5 жилийн үйл явцад тулгуурлан хийсэн байна.
 
Сүүлийн таван жилд уламжлалт мэдээллийн хэрэгсэл 200 орчмоор цөөрч, энэ оны эхний байдлаар гэхэд 387 болж буурчээ. Сонины борлуулалтын тоо 4 жилийн өмнөөс 30 гаруй хувиар буурсан бол 2013 онд хамгийн их буюу 142 телевиз үйл ажиллагаагаа явуулж байсан. Өнгөрсөн онд 131 болж буурчээ.
 
Одоо сонин, сэтгүүл, телевизийн тал орчим хувь нь өөрийн вэбсайттай, эсвэл нийгмийн сүлжээгээр мэдээллийнхээ агуулгыг цацдаг болжээ. Цахим сайтуудын тоо жил бүр нэмэгдэж, энэ оны эхний байдлаар 100 гаруй мэдээллийн сайт ажиллаж байгаа гэнэ.
 
Залуучуудын 80 хувь нь цахим хэлбэрээр мэдээллээ авдаг бөгөөд хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар вэб сайтын мэдээний үнэн бодит эсэхэд хамгийн ихээр эргэлздэг гэсэн дүн гарчээ.
 
Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах энэхүү судалгааны дүнг тодорхойлж хэлэхдээ, “Эдгээр бууралтыг уналтад орж байна гэж ойлгож болохгүй. Цаг үеэ дагасан өөрчлөлт бөгөөд өрсөлдөөнийг нэмэгдүүлж чанарыг сайжруулдаг давуу талтай” гэв.
 
З.Эрэвгийлхам
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг