sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 6 дугаар сарын 22-25-ны өдөр Узбекистаны Нийслэлд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор Ташкент хотноо хүрэлцэн ирлээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд Шавкат Мирзияев, ГХС Абдулазиз Камилов, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Данияр Курбанов, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг нарын албаны хүмүүс угтан авч Төрийн хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэв.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай гурван талт уулзалт хийх юм. Гурван талт уулзалтын дараа хөрш гурван орны Төрийн тэргүүнүүд баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцоно. Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч И.Каримовтой уулзана.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн  хуралдаанд оролцох юм. Монгол Улс 2004 оноос ШХАБ-ад ажиглагч орны статустай оролцож ирсэн билээ.