sonin.mn
ЛОНДОН. /Kyodo/. Европын Холбооноос /ЕХ/ гарахаар британичууд шийдсэнтэй холбоотойгоор сандралд ороод буй хөрөнгө оруулагчдыг тайвшруулахыг Их Британийн Сангийн сайд Жорж Осборн оролдож байна.
 
Тэрбээр мэдэгдэхдээ “Английн төв банк болон бусад төв банкуудтай хамтран ажиллах замаар манай улс энэхүү урьдчилан тааварлаж байгаагүй нөхцөл байдлыг даван туулах боломжтой” гэжээ. Даваа гарагт Европын томоохон захууд нээгдэхийн өмнө тэрбээр хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдэгдэл хийсэн юм.
 
Санхүүгийн зах зээлд үймээн сандрал хэсэг хугацаанд үргэлжилж магадгүй гэж тэрбээр хэлээд “Их Британийн эдийн засаг хүчирхэг байгаа ч энэ сорилттой тулгарч болзошгүй” гэжээ.
 
Өнгөрсөн долоо хоногт санал асуулга явуулахын өмнө Осборн хэлэхдээ “хэрвээ Их Британи ЕХ-ноос гарахаар болбол татварыг нэмэгдүүлэх зэрэг санхүүгийн яаралтай арга хэмжээ авна” гэж байсан юм. Харин одоо тэрбээр “санхүүгийн асуудлыг шинэ ерөнхий сайд сонгогдсоны дараа хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг