sonin.mn
УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. УИХ-ын 69 дүгээр тойрог буюу Баянгол дүүргийн гуравдугаар хэсгийн санал авах байранд 10 цаг 25 минутын байдлаар 318 иргэн саналаа өгөөд байна.
 
Сонгуулийн явцын талаар тус хэсгийн ахлах зохион байгуулагчаас тодруулахад, “Бид сонгуулийн тухай хуулийн дагуу санал хураалтаа өглөө 07.00 цагт эхэллээ.  Одоогоор ямар нэгэн зөрчилгүй, сонгуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Иргэнийхээ үүргийг биелүүлж, ирээдүйнхээ төлөө сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэдэд уриалж байна” гэв.
 
Одоогийн байдлаар дунджаас дээш насны хүмүүс сонгуульдаа илүү идэвхтэй оролцож байна. Сонгуульд саналаа өгч буй иргэд, “Өнөөдөр бол маш чухал өдөр. Хүн амьдралдаа олон чухал шийдвэр гаргадаг ч сонгуульд саналаа өгөх нь хамгийн чухал. Үүнд хүн бүрийн оролцоо маш чухал. Хамгийн гол нь иргэд бид сонгуульдаа идэвхтэй оролцож, дэмжин, санал бодлоо хүргэх хэрэгтэй” гэсэн юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг