sonin.mn
Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр /2016.06.29/ улс орон даяар явагдаж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд гэр бүлийн хамт Улсын Их Хурлын сонгуулийн  59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байранд 11.40 цагт саналаа өглөө.
 
Тэрбээр, энэ удаагийн Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль хуулийн дагуу эмх замбараатай явагдаж байгааг онцлон тэмдэглээд “Өнөөдөр сонгууль маш сайн зохион байгуулалттай, эмх цэгцтэй  болж байна. Сонгуулийн Ерөнхий хороо сайн ажиллаж байна, ард иргэд ч сонгуульдаа идэвхтэй оролцож байна” гэлээ.
 
 
Түүнчлэн иргэд, сонгогчдыг идэвхтэй оролцож, сонгууль өгөх боломжтой үлдсэн хугацаандаа бүгдээрээ саналаа өгөөрэй хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд уриалав.
 
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд сэтгүүлчдийн сонирхсоны дагуу Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж буй асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.
 
 
“Манай улсын олон жилийн бодлого бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах саналыг үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Оросын талд тавьдаг байсан. Ташкентын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудал шийдэгдэж, Оросын талаас албан ёсоор зарах санал ирсэн.
 
Ямар ч байсан Эрдэнэт үйлдвэр Монголынх болох гэж байна. Хуулийнхаа дагуу Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх ёстой. Үүнийг сонгуулийн улс төр болгож байгаа нь туйлын харамсалтай. Энд ямар ч улс төр байхгүй, Монгол Улсын баялаг Монголын мэдэлд ирж байгаад дургүйцэж байгаа зарим нэг хүмүүсийг огт ойлгохгүй байна. 
 
Гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд зарах ёстой, өөр ямар нэгэн талд санал тавих, зарах эрхгүй юм. Энэ дагуу л манайд санал тавьсан, тэр дагуу бүх ажил явагдана. МАН, МАХН болон хууль бус шахааны бизнесийнх нь эрх ашиг хөндөгдөж буй зарим бизнесийн байгууллагууд цуу яриагаа зогсоох хэрэгтэй.
 
Монголын хөрөнгө Монголынх болж байна. Хэзээ нэгэн цагт Рио-Тинто өртгөө нөхсөнийхөө дараа Монголын талд зарах санал тавих байх. Тэр үед бас л өнөөдрийнх шиг хий хоосон улс төр хийж болохгүй. 1990 онд Улаанбаатар төмөр замыг худалдах саналыг Оросын талаас тавьсан, бас ингэж улс төржиж байгаад аваагүй байдаг юм. Энэ бол сургамж.
 
Ер нь бол Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо бодох юм бол боломжтой үедээ бид худалдаж авах ёстой. Янз бүрийн цуурхалыг зогсоох хэрэгтэй. Улсын гадаад харилцааны асуудал дээр МАН, АН ямар нэг ялгаа байдаггүй, нэг байр суурьтай байдаг бичигдээгүй хуулиа дагаж мөрдөх ёстой юм.
 
Битгий улс төрж, Монголын баялаг Монголд эргэн ирлээ, энэ талаар ард иргэд үнэн зөв мэдээллээр хангагдах ёстой” хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга онцлов.
 
 
Сонгуулийн 59 дүгээр тойргийн долдугаар хэсгийн хорооны санал авах байрны ахлах зохион байгуулагч Б.Наранчимэгийн мэдээлснээр тус хэсгийн хороонд нийт 2110 сонгогч санал өгөхөөс өглөөний 11 цагийн байдлаар 384 сонгогч санал өгч, 17 хувийн ирцтэй байна.
 
Сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 9 намын төлөөлөл ажиглагчаар ажиллаж байна гэснийг  Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.