sonin.mn
КЛИВЛЕНД. /TASS/. Огайо муж улсын Кливленд хотод мягмар гарагт болсон Бүгд Найрамдах намын /БНН/ их хурлаас 11 дүгээр сарын 8-ны өдөр болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигчээр Дональд Трампыг албан ёсоор баталжээ. Энэ тухай АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан мягмар гарагт мэдэгдлээ.
 
Нэр дэвшигчийг батлах санал хураалтад Америкийн бүх муж улс, нутаг дэвсгэрийн төлөөлөгчид оролцсон байна. Саналын хуудсыг тоолж дуусахад Дональд Трамп 1725 санал авчээ. Намын дүрмээр бол, түүнд 1237 санал авахад хангалттай байлаа.
 
Тэрбумтан Трампын өрсөлдөгчид болох Техас муж улсаас сонгогдсон Сенатын гишүүн Тед Круз 475 санал, Огайо муж улсын захирагч Жон Кейсик 120 санал, Флорида муж улсаас сонгогдсон Сенатын гишүүн Марко Рубио 114 санал тус тус авсан байна.
 
Харин тархины мэс засалч Бен Карсон -7, Флорида муж улсын захирагч асан Жеб Буш – 3, Кентукки муж улсаас сонгогдсон Сенатын гишүүн Рон Пол – 3 санал тус тус авчээ.
 
Түүний сацуу, БНН-ын их хурлын үеэр Индиана муж улсын захирагч Майкл Пенс-ийг дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр албан ёсоор баталсан байна. 57 настай Пенс хуульч мэргэжилтэй бөгөөд Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд хэд хэдэн удаа сонгогдож байжээ.
 
Түүнийг “харцага шонхор” гэх болсон учир нь гэвэл, Иракт цэргийн ажиллагаа явуулахыг дэмжиж, Гуантанамо арал дахь цэргийн баазыг хаахыг эсэргүүцэж байсантай нь холбоотой.
 
Пенс 2009-2010 онд БНН-аас сонгогдсон Конгрессийн гишүүдийн Бага хурлын даргаар ажиллаж байсан нь нам дотроо гуравдахь том нөлөө бүхий хүн байсан гэж хэлж болно. Дараа нь тэрбээр Индиана муж улсын захирагчаар томилогджээ.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг