sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /Kyodo/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод 10-аас жилийн насжилттай дизель автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох шийдвэрийг тус улсын шүүх гаргажээ.
 
Тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авахыг иргэд шаардан зарга мэдүүлснээр Энэтхэгийн шүүх энэ долоо хоногийн даваа гарагт ийм шийдвэр гаргасан байна.
 
Уг шийдвэрийн дагуу 10-аас дээш жилийн насжилттай, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд тус улсын нийслэлд болон нийслэлийн орчимд явах боломжгүй болж байна.
 
Энэтхэгийн автомашинуудын ойролцоогоор 10 хувь нь нийслэл хотод байдаг аж. 
 
Японы Гадаад худалдааны байгууллага буюу JETRO-гийн Шинэ Дели дэх салбар мэдэгдэхдээ “Японы харьяа компаниудын үйлдвэрлэсэн автомашинууд Энэтхэгийн авто машины зах зээлийн 60 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс шүүхийн энэ шийдвэр япон автомашины борлуулалтад сөргөөр нөлөөлнө” гэлээ.
 
Эдийн засаг нь хурдацтай өсч байгаатай холбоотойгоор Энэтхэгт автомашины тоо нэмэгдсээр байгаа юм. ДЭМБ-ын 2014 онд гаргасан тайланд  “PM2.5 буюу агаар бохирдуулагч нарийн бичил тоосонцорын дундаж хэмжээгээр Шинэ Дели хот дэлхийн хотуудын хамгийн эхэнд бичигдэж байна” гэж дурджээ. 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг