sonin.mn
"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан сэтгүүлчдэд хандаж тус компанийн стратегийн шинэчлэл, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын талаар мэдээлэл өгсөн юм.  Хэвлэлийн бага хурлын онцлох мэдээллийг хүргэж байна.
 
“Эрдэнэс Монгол” компани нь Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны оновчтой хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах дэлхийд өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилготой.
 
Өнөөдрийн байдлаар тус компанийн охин болон харьяа компаниуд 10,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
 
“Эрдэнэс Монгол” компанийн стратегийн шинэчлэлийн хөтөлбөрөөс хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн үр өгөөжөөс онцолвол:
 
- Иргэдийг ажлын байраар хангах, ажилчдын бүтээмж, орлогыг нэмэгдүүлэх, өндөр чадвартай олон улсад өрсөлдөхүйц Монгол мэргэжилтэнг бэлтгэх
- Монгол Улсын иргэн бүрт Засгийн газрын эзэмшлийн компаниудаас нэгдсэн ашиг хүртээх боломжийг бүрдүүлэх
- Өөрийн компаниудын үнэ цэнийг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах
- Том төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хэрэгжүүлэх мэргэжлийн болон бизнесийн чадавхийг бий болгох
- Улсын төсөвт хамгийн их хөрөнгө төвлөрүүлдэг байр суурийг тогтвортой хадгалах
- Уул уурхайн бизнесийг хамгийн бага зардлаар удирдаж, дэд бүтэц, эрчим хүчний шинэ бизнесийг бий болгох юм.
 
3.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛНЭ
 
“Эрдэнэс Монгол” компани нь Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг эзэмшдэг. 2012-2015 онд нэгдэл компанийн хэмжээнд Монгол Улсын төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр нийт 1.8 их наяд төгрөгийг төвлөрүүллээ. 
 
“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах зорилготой техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг Азийн хөгжлийн банк (АХБ)-тай байгуулав. 
 
Уг төслийг хэрэгжүүлснээр нэгдэл компанийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын системийг бий болгох юм. Нэгдэл компанийн хэмжээнд ирэх 6 жилийн хугацаанд татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг хэлбэрээр нийт 3.3 их наяд төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлнэ.