sonin.mn
Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд “Барилга орон сууц-2016” үзэсгэлэн, барилгын материал, шинэ орон сууцны төрөлжсөн худалдаа өнөөдөр “Мишээл Экспо” төвд эхэллээ.
 
Уг үзэсгэлэн найм дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд  энэ сарын 21-ийг хүртэл үргэлжлэх юм.  Үзэсгэлэнд 110 гаруй аж ахуйн нэгж оролцож, барилгын материал орон сууцны үнэ ханшаа иргэдэд танилцуулж байна.
 
Арга хэмжээнд  “Барилга орон сууц-2016” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Г.Батсүх, БХБЯ-ны Барилгын материал үйлдвэрлэгчдийн бодлого хэрэгжүүлэх газрын дарга Д.Занабазар,  Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, Монголын Архитектуруудын ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар болон барилгын материал үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон юм.
 
“Барилга орон сууц-2016” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Г.Батсүх, “Уг үзэсгэлэн Барилгын салбарт нэвтэрч байгаа шинэ технологи, орон сууцыг олон нийтэд танилцуулж байгаараараа онцлогтой. Үзэсгэлэн иргэдийн орон сууцны хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх, Улаанбаатар хотод шинээр ашиглалтанд орж буй байрны үнэ ханшийг тодорхойлох зорилготой юм. Мөн зогсонги байдалд орсон барилгуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж байна” хэмээв.
 
Түүнчлэн Орон сууцны биржийн менежер Э.Наранбат, “Үзэсгэлэнд дотоодын аж ахуйн нэгжээс гадна Орос, Чех, Финлянд ,Хятад Герман, Солонгос, Итали улсын барилгын материал үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа. Тухайлбал, Грилийн болон сауны байшин халаалтийн тоног төхөөрөмж, халуун ус бохирын цогц шийдэл, бүх төрлийн хаалга цонх, дээвэр, карказ, зэрэг барилгын материалын худалдаа явагдаж  байна. Тиймээс иргэдэд нэг дороос хэрэгтэй материаллуудаа авах боломж бүрдэж байна” гэлээ.
 
Үзэсгэлэнд оролцогч компаниуд барилгын материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ орон сууцандаа зарлаж буй хямдрал урамшуулалаа танилцуулж байна. Тухайлбал, шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, барилгын материал, сантехник, цахилгааны материалууд 10-20 хувиар хямдарчээ. Түүнчлэн байр авах иргэд мөнгөө 100 хувь төлвөл метр квадрат тутмаас 100 мянган төгрөг хасах,  гал тогооны тавилга бэлэглэх зэрэг иргэдэд хүртээмжтэй хөнгөлөлтүүдийг үзүүлж байгаа аж.
 
М.Дайриймаа
Гэрэл зургийг Н.Батбаяр

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг