sonin.mn
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)- ын 39 дүгээр Ерөнхий чуулган Хятад улсын Бээжин хотноо 9 дүгээр сарын 10-аас 14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Олон улсын стандартчиллын байгууллага нь 1923 оны 2 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхий дахины стандартчиллын хамгийн том байгууллага юм.  
 
Энэ удаагийн Ерөнхий чуулганд дэлхийн 120 гаруй орон, олон улсын цахилгаан техникийн комисс (IEC), Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU), Дэлхийн худалдааны байгууллага  (WTO) зэрэг олон улс, бүс нутгийн 15 байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцсон байна. “Стандарт дэлхий нийтийн харилцан уялдааг сайжруулна” уриан доор зохион байгуулагдсан уг арга хэмжээнд Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид  оролцон, Олон улсын стандартчиллын байгууллагын цаашдын зорилт, бүтээгдэхүүн, үйлчилгээ, тогтолцооны талаар харилцан ярилцаж, Монгол улсын Засгийн газраас  баталсан “Үндэсний чанарын бодлого”-ыг танилцуулав. 
 
Ерөнхий чуулганы өдрүүдэд Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр Европын стандартчиллын байгууллага, Оросын холбооны улсын Техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлагийн удирдлагуудтай уулзалт хийж, Английн стандартын байгууллагатай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
 
Монголын мэргэжилтнүүдийг Оросын холбооны улсын Техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлагийн дэргэдэх Сургалтын академид мэргэшүүлэх, Европын стандартчиллын байгууллагатай байгуулсан гэрээг шинэчлэн, стандартын мэдээлэл, европын стандартчиллын үйл ажиллагаанд оролцох шинэ боломжуудыг бий болгохоор  тохиролцсонд хоер талын  уулзалтуудын ач холбогдол оршиж байлаа.