sonin.mn
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн  хүүхэд, яаралтай тусламж мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, рентген, ЭХО, дурангийн кабинет, төвлөрсөн ариутгал, цусны салбар төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Энэ үеэр тус аймгийн ЭМГ- ын дарга Ц.Энхсайхан аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллаагааны товч танилцуулга хийсэн юм.
 
Тус эмнэлэг нь оношилгоо эмчилгээний төвийн тоног төхөөрөмжөөр хангагдаагүй үлдсэн 5 аймгийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар рентген, ЭХО оношилгоог орон нутагт хийхэд тоног төхөөрөмж хуучирч, хүчин чадал нь муудсан, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадын авто зам ашиглалтад орсонтой холбоотой зам тээврийн осол нэмэгдэж тархи нуруу нугасны гэмтэлтэй хэвтрийн хүнд хүнийг тээвэрлэхэд зориулалтын эмнэлгийн тоноглогдсон түргэн тусламжийн автомашины асуудал бэрхшээлтэй байгааг эмнэлгийн удирдлагууд дуулгалаа.
 
Тэрбээр энэ асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдлээ. Мөн энэ үеэр “ЭМСХХ -3” төсөл хэрэгжиж амбулаторийн барилга баригдаж, тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдэж, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт амжилттай хийсэн үр дүнг танилцуулж,” ЭМСХХ 4,5” төслөөр цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай 430 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлээд байна. Мөн  цусны салбар төвийн дотор засвар хийхээр төлөвлөснөө танилцуулав.
 
Эрүүлийг хамгаалахын домогт сайд Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1942 онд байгуулагдсан. Нийт 215 эмч ажиллагсадтай, 142 эмнэлгийн ортой, жилдээ дунджаар 5400 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 17 нарийн мэргэжлийн кабинетаар жилдээ 72000 орчим амбулаторийн үзлэг оношилгоо хийдэг. Жилд 820 гаруй эхийг эсэн мэнд амаржуулдаг.
 
Аймгийн нийт төрөлтийн 82.8 хувь нь тус эмнэлэгт төрдөг байна. Сүүлийн 8 жил эхийн эндэгдэлгүй, хүүхдийн эндэгдэл улс, аймгийн дундаж үзүүлэлтээс доогуур үзүүлэлттэй. Мөн хэвлийн хөндийн дурангийн мэс засал, мөчдийн ясны хугарлыг металл ялтсаар бэхлэх, төрсний дараах цус алдалтын үед умайн артерийг боох мэс заслын аргуудыг нэвтрүүлж зүрхний ЭХО, нярайн түнхний үений скрининг оношилгооны аргыг амжилттай хийж байгаа аж.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг