sonin.mn
Өнгөрсөн удаагийн нийтлэлээр насжилт ба тэтгэврийн талаар бичсэн билээ. Харин энэ удаад  өндөр насжилт нийгэмд ямар нөлөө үзүүлдэг талаар Япон улсын жишээн дээр тайлбарлая.
 
Монголд 100 насны ойг тэмдэглэдэгтэй адил япончууд ч мөн ийм ёслол байдаг. Одоогоос 50-аад жилийн өмнө буюу 1963 онд 153 хүн (эр-20, эм-133) 100 насны ойгоо тэмдэглэж байжээ. Тухайн үед Япон улсын нийт хүн ам 96 сая байсан ч 100 настай буурлууд маш ховор учир ихэд бэлэгшээж байв.
 
Энэ тоо 1981 онд 1000 хол давж, 1998 онд 10 мянга, 2015 онд 61568 буюу 50 жилийн хугацаанд 400 дахин өссөн байдаг. Энэ нь япончууд эрүүл чийрэг, урт наслах болсонтой холбоотой. Ингээд 70 жилийн хугацаанд дундаж наслалт 30 насаар нэмэгдсэн байна. Япон улс ийнхүү өндөр насжсан нийгэмд шилжсэнээр дараах асуудалтай тулгарах болсон юм.
 
Нэг гэр бүлд 100 настай ахмад байна гэж бодоход түүний үр хүүхдүүд 70, 80 настай, ач зээ нь 40-өөс 60 настай, цаашлаад дараагийн үе нь 20-оос 40 настай байна гэсэн үг. 100 нас давсан буурлын үр хүүхэд 88 настай, ач нь 65 настай, гуч нь 30 настай гэвэл 30-аад настай хүний гэрт хэдэн өндөр настан байх вэ. Хадам талынхаа өндөр настанг оруулбал 65-с дээш насны 28 хүн (хоёр талын аав ээж 4 хүн, өвөө эмээ 8 хүн, элэнц өвөө эмээ 16 хүн) байна.
 
Буурлууд маань эрүүл энх байгаа нь сайхан хэдий ч, 30 настай өрхийн тэргүүний хувьд зөвхөн үр хүүхдээр зогсохгүй хоёр талын буурлуудаа  харж хандан, тэжээн тэтгэх шаардлагатай болно. Япон улс хэдий өндөр насжсан нийгэмтэй боловч тэтгэврийн тогтолцоо сайтай учир өндөр настнуудынхаа амьдралд дэмжлэг үзүүлж, залуу үеийнхний үүрэг ачааг нимгэлж өгдөг.
 
Монгол Улсад дундаж наслалт жил ирэх тусам өсч байна. 1950-аад оны эхэн хагаст дундаж наслалт 43.18 (эр-41.47, эм- 44.91) байсан бол 2010 онд энэ тоо 68.88 (эр-64.6, эм-73.29) болж, 60 жилийн хугацаанд 25 насаар нэмэгдсэн байна. Цаашид ч эрүүл мэндийн үйлчилгээ сайжирч, нярайн эндэгдэл буурвал дундаж наслалт улам нэмэгдэх учир ирээдүйд Япон оронтой адил тэтгэврийн асуудалтай тулгарах магадлалтай.
 
Японд өндөр насжилттай холбоотой бас нэгэн асуудал үүсч байгаа нь ганц бие ахмадууд нэмэгдэж байгаа явдал юм. Өмнө нь өвөө эмээ, аав ээж гээд гурван үеэрээ хамт амьдрах нь хэвийн үзэгдэл байсан бол одоо 10 өрх тутмын нэг нь 65-с дээш насны ганц бие хөгшчүүл байгаа бол 2035 он гэхэд долоон өрх тутмын нэг нь болох төлөвтэй байна. Азийн бусад орнуудын адил Япон улс ч хэдэн үеэрээ хамт амьдрах ёс заншилтай байсан бол эдийн засаг хөгжихийн хэрээр ажиллах хүчин хөдөө аж ахуйгаас аж үйлдвэр, үйлчилгээний салбар руу шилжиж, хотод хүн ам төвлөрөх болсноор 2, 3 үеэрээ хамтдаа амьдрах нь багассан. Залуучууд сурч хөдөлмөрлөх зорилгоор хотод ирж, тэндээ гэр бүл, үр хүүхэдтэй болж эцэг эхээсээ тусдаа амьдрах болсон юм.
 
Монголчууд монгол гэрт эцэг эх, өвөө эмээтэйгээ амьдрах нь хэвийн үзэгдэл байсаар ирсэн бол нийслэл хотод шилжин ирэх залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа өнөө үед хуучин хэв маягаар амьдрах боломжгүй болсоор байгаа. 2003 онд ганц бие өндөр настай 17966 өрх байсан бол 2015 онд 33007 болж огцом өссөн. Тиймээс эдгээр өндөр настанд төрөөс үзүүлэх дэмжлэг, туслалцааг хэрэгжүүлэх арга замыг хамтдаа хайж, тунгаан боловсруулах шаардлага урган гарч байна.
 
 
 
“Жайка” төслийн ахлах зөвлөх
 
ЯМАШИТА МАМОРУ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин