sonin.mn
Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг болох ЦЕГ, ШШГЕГ хамтран өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын зааланд сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө. Уг хуралд ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү нар оролцов.
 
ЦЕГ-ын дэд дарга "Цагдаагийн бичил хэсгийн байр барих, гүйцэтгэлийг эрчимжүүлж хяналт тавих ажлын хүрээнд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 12 аймгийн 19 цагдаагийн бичил хэсгийн байрыг бүрэн ашиглалтад оруулж, Булган аймгийн Бугат сумын цагдаагийн бичил хэсэг, Ханги мандал боомтын цагдаагийн кобаны барилгыг барьж байна. 
 
Автомашины утааны яндан, тээврийн хэрэгслийн шил болон бусад бүрэн бүтэн байдлын  “Техникийн хяналт, шалгалт” нэгдсэн шалгалтаар  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 41.379 жолоочийн зөрчлийг арилган, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийллээ. Нийслэлийн тээврийн газартай хамтран том оврын автобусны утаа, техникийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж, 20 аж ахуйн нэгжийн 827 том оврын автобусыг хамруулж, 1978 зөрчил илрүүлж, арилгуулахаар албан мэдэгдэл, шаардлага хүргүүллээ" гэж мэдээлэв. Мөн Улаанбаатар хотын боломжит уулзварууд буюу баруун , зүүн дөрвөн замын уулзвар, Гэсэр сүм,Саппорогийн уулзварт баруунг а ртийшээ эргэдэг болгож, нэмэлт тэмдэглэгээ хийх, гэрлэн дохио мэдээллийн самбар байршуулсан. Цаашид 48 уулзварт үүнийг хэрэгжүүлнэ гэв. 
 
Дүнжингарав үйлчилгээний төвд байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэх солих, нөхөн авах, лавлагаа гаргах, цахим шалгалт авах үйлчилгээг  6143 иргэнд  үзүүлээд байна. Энэ үйлчилгээг ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, ezasag.mn сайтаар авч болохыг ч сануулав. ШШГЕГ-ын хувьд  ажлын байр нэмэгдүллснээ онцлов. 
 
Архангай, Баянхонгор, Завхан болон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шийдвэр гүйцэтгэх албад, Сэлэнгэ аймгийн сайхан сумын Хөтөл дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэг, Хорих 429 дүгээр ангид “Нэг цонхны үйлчилгээ” үзүүлэх танхим, албаны контор, цагдан хорих байр, 6 айлын хаус хороолол, амралтын газруудыг шинээр ашиглалтад оруулсан байна. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажлын бээлийний тоног төхөөрөмж суурилуулж, 5000 хос ажлын бээлий үйлдвэрлэжээ. Тус үйлдвэр нь цагт 40 хос, жилд 144-170 мянган хос ажлын бээлий үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Орон нутгийн хөгжлийн сантай хамтран жилд 3000-3500 ширхэг модон эдлэл үйлдвэрлэх хүчин чадал бүхий тавилгын үйлдвэрийг ашиглалтад оруулав.
 
Тус үйлдвэрт ХСИС болон Өмнөговь аймгийн сумын сургуулиас захиалга авч, 3 нэр төрлийн 90 ширхэг сурагч, багшийн ширээ сандал үйлдвэрлэжээ. Жилд 12.000 хос гутал, 50.000 ширхэг арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гутлын үйлдвэр өнөөдрийн байдлаар 5 нэр төрлийн 4330 хос гутал, хоёр нэр төрлийн 7000 ширхэг тэлээ бүс үйлдвэрлэлээ гэж мэдээлсэн юм. Үйлдвэрийнхээ зарим бүтээгдэхүүнийг ч сэтгүүлчдэд үзүүлэв.Дээрх 100 хоногт ЦЕГ, ШШГЕГ ийм ажлууд хийсэн байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг