sonin.mn
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын тогтоолоор 10 улсад суух Элчин сайдыг томиллоо. Сонгуулийн дараах шагнал болгож өгсөн голдуу томилгоонууд байсныг хэвлэлүүд зөндөө бичлээ. Харин тэдэн дунд нүдээ олсон ганц томилгоо явсныг учир мэдэх хүмүүс хэлж байна.
 
Тэр нь Р.Болд БНТУ-д Элчин сайдаар томилогдсон явдал ажээ. Туркийн байдал сайнгүй байгаа. Тэр нь Монголд ч мэдрэгдсэн гэхэд болно. Саяхан даа, Монгол дахь Турк сургуулийг хаана, хаахгүй гээд л бөөн юм болсон.
 
Энэ оны долдугаар сард Турк улсад цэргийн эргэлт хийхийг оролдсон. Ийм шалтгаанаар Туркийн ерөнхийлөгч Т.Эрдагон 30 мянга гаруй цэргийн албан хаагч, шүүгч болон бусад хүмүүсийг баривчлан саатуулж, 8000 гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөөд байна.
 
Харин тус улсын сөрөг хүчнийхэн онц байдлын хугацааг сунгахыг “эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэг” гэж үзэн эсэргүүцэж байна” гэсэн мэдээллийг Anadolu цацсан. Ер нь дээрх явдлаас хойш тус улс дотоод гадааддаа бужигнаантай байгаа тухай олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байгаа.
 
Үнэнийг хэлэхэд сая томилогдсон Элчин сайд нараас Турк шиг ийм газарт үүрэг гүйцэтгэх дипломатч тун ховор хараагдана лээ. Харин Р.Болдыг сонгож томилсон нь цаанаа учиртай байж таарсан. Р.Болд бол ЦЕС, ЗХУ-ын Цэргийн дипломатын академи төгссөн. Орос, англи хэлтэй.
 
1977 онд Ардын армиас ажлын гараагаа эхэлсэн байдаг. ГЯЯ-нд бэлтгэл ажилтан, Токио дахь ЭСЯ-нд атташе, Монгол Улсаас АНУ, Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан зэрэг гадаад харилцааны салбарт ажилласан туршлагатай хүн юм. Мөн тэрээр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан байв. УИХ-аас түүнийг энэ удаад 95.8 хувийн саналаар БНТУ-д суух Элчин сайдаар томилсон юм.
 
Түүнийг АНУ-д Элчин сайдаар ажиллаад буцсаных нь дараа Сан Францискогоос Ш.Баатар гэдэг хүн ийн бичиж байв. Тэрээр http://www.shbaatar.blogspot.com/  блогтоо “... Ойрын үед Америкийн баруун эргийн хойгоор (Бэй Аэриа) бороо хуртай. Өчигдөр орой Станфордын их сургуулиас Сан Франциско орох хурдны 101 дүгээр зам дээр осол гарсан тул хагас цагийн дотор туулах газарт гурван цаг орчим мөлхлөө. Энэ урт хугацаанд элдвийг бодож явсныхаа нэгийг уншигч тантай хуваалцъя.
 
Өнгөрсөн долоо хоногийн яг энэ өдөр АНУ-д таван жил суусан Элчин сайд Р.Болд үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд, эх орондоо буцсан юм. Р.Болд сайдын ажил үйлсийн талаар сонинуудаар хэрхэн бичих бол хэмээн битүүхэн тандаж байсан ч таг чиг байв. Бодоод байсан чинь хувийн зүгээс Р.Болд сайдын талаар бичих юм зөндөө ажээ.
 
Америкт удсан миний бие энэ хүнийг анх ирэхэд нь дотроо тийм дотно хүлээж аваагүй юм. Нэгт, цэргийн хүн дипломат албанд тохирдог юм байхдаа гэж бодож байв. Хоёрт, Р.Болд сайд Үндэсний аюулгүйн зөвлөлд байхдаа XI дүрийн Богд Жавзандамбыг албадан гаргахад биечлэн оролцсон тул сэтгэлд нэг л хол хөндий санагдаад байж билээ.
 
Харин Ерөнхий консул Сэсээр гуайгаар дамжуулаад Р.Болд сайдтай анх танилцсан юм. Бодож байснаас тэс ангид хүн болох нь даруй мэдэгдэв. Миний анхны мэдрэмжээр Болд сайд их оюунлаг, яриа хөөрөө сайтай, хэнтэй ч эвийг нь олоод харьцдаг, харилцааны болон оюуны өндөр боловсролтой сэхээтэн болох нь тодорхой байлаа.
 
АНУ-ын Төрийн Департаментад Монголын талаар зөвлөх хийдэг нэгэн ахмад америк хүн ийнхүү ярьж байсан юм. “Энэ Элчин сайд Болд цэргийн тухай нэг л юм аа зүтгүүлээд байх юм. Цэргийн хүн болоод тэр үү гэж хүртэл үзэж байв.
 
Гэтэл тийм биш гэдгийг нь манайхан хожим ойлгосон юм” гэх дурсаж байх юм. Хэргийн учир нь ядуу буурай Монгол орон яаж энэ том гүрний анхаарлыг татаж болох замыг Р.Болд сайд эрэн хайж, “Монголын цэргийн хамтын үйл ажиллагаагаар хоёр орны харилцааг сайжруулна” хэмээн бодож, зорьж явжээ. Энэ зорилго нь биеллээ олж, Америк- Монголын харилцаа урд байгаагүй өндөр төвшинд өнөөдөр хүрсэнд Р.Болд сайдын байгуулсан гавьяa их гэж би бодож байна. Төрийн хэргийн нарийн ширийнийг үл ойлгох надад бас нэгэн өнцгөөс нь харах боломж байна.
 
Америкт байгаа монголчууддаа хамаг боломжоороо тусалж, хамтран ажиллахыг урьтал болгож байсан нь Р.Болд сайдын хийсэн, бүтээснээс бас тодорхой харагдаж байна. Бэй Аэриа бол Америкт монголчууд нэлээд төвлөрсөн цэгийн нэг болохыг та бүхэн мэдэж буй байх. Амьдралын төлөө зүтгэж яваа энэ олон хүнд тус дэм болох зорилготой байгуулагдсан Монголчуудын холбоог Р.Болд сайд анхнаас нь дэмжиж, сэтгэл санааны болон санхүүгийн хувьд ихээхэн тусалж, бидний зүгээс гаргасан санал хүсэлтийг цаг ямагт хүлээн авч, аль болох бүтэх талаас нь хөөцөлдөж ирсэн юм.
 
Р.Болд сайд жил бүр монголчууд олноор суурьшиж байгаа хотуудаар явж, тэдэнтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, Монгол Улсын төрийн бодлогыг тэдэнд өөрийн биеэр хүргэж явлаа. Р.Болд сайдын яриа цуглааныг олон удаа монголчуудын дунд зохион оролцож байсан хүний хувьд би энэ талаар баттай хэлэх байна. Бэй Аэриад Монгол Улсын хоёр ч Ерөнхийлөгчийн айлчлалын уулзалтыг Р.Болд сайдын тусламжтайгаар зохиоход олон зуун монгол хүн хүрэлцэн ирж байв. Консулын үйлчилгээний хураамжийг боломжийн хэрээр Америк дахь Монголчуудын холбоодод тараан өгч байснаас бид лав гурван удаа хишиг хүртсэн юм шүү.
 
Энэ бүхнийг эргээд харахад Р.Болд сайд “Харьд суугаа монголчууд бол Монгол Улсын томоохон капитал, энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг зөв шийдэж, үр хүүхдүүдийнх нь хэл соёлыг мартуулахгүй явбал ирээдүйд тэдний дотроос Конгресст суух Монголын лобби төрнө” гэсэн үзэл баримтлалтай болох нь тодорхой байна.
 
Ambassador нь монгол үг. Язгуурын (сиянби, хятан) монгол хэлэнд амбан бол “төв, гол, чухал”, сайд нь “олон сайн үйлстэй хүн” гэсэн утгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл улсаа төлөөлсөн хамгийн чухал, итгэмжлэгдсэн сайн хүн “ambassador” юм.
 
Р.Болд сайд үнэхээр “итгэмжлэгдсэн сайн хүн” байлаа. Дараагийн Элчин сайд маань Р.Болд сайдаас дутахааргүй сайн хүн ирэх болтугай. Монгол ардын зүйр үгэнд “Танилцаагүй байхдаа талын хaр гөрөөс шиг, танилцсан хойноо тагнайн хоёр судас шиг явья” гэсэн мэргэн үг бий. Америкт байгаа олон монголчуудтай танилцаж нөхөрлөөд, хамтарч ажиллаад “тагнайн хоёр судас” шиг болсон Р.Болд сайдaд баярлалаа. Таны ажил үйлс цаг ямагт өлзий хийморьтой сэтгэгчлэн бүтэж байх болтугай хэмээн Америкт суугаа эгэл олон монголчуудаа төлөөлөн ерөөе” хэмээн бичжээ.
 
Ш.Баатарын энэ сэтгэгдэл бичвэрийг Элчин сайд Р.Болдыг магтаж, долигнох гэж энд оруулсангүй. Мэргэжлийн бус, дипломатч биш хэмээн шүүмжлүүлж байгаа бусдад нь сэдэл өгөх гэж оруулав. Ер нь Элчин сайд бүр буцаад ирэхэд араас нь ийм сэтгэгдэл дагадаг бол Монгол төрийн гадаад бодлого, улсын маань гадаад нэр хүндийн илэрхийлэл болох  юм.
 
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин