sonin.mn
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ.
 
Төв банкны тухай хуульд  Хяналтын зөвлөл нь дарга, зургаан гишүүнээс бүрдэх бөгөөд эдгээрийг УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилж, чөлөөлөхөөр заажээ. Иймд байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг танилцуулав.
 
Хяналтын зөвлөлийн даргад Д.Даваасамбуугийн нэрийг дэвшүүлсэн бол хяналтын зөвлөлийн гишүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группын ерөнхийлөгч, бизнесийн удирдлагын магистр М.Энх-Амгалан, эдийн засгийн ухааны доктор, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч Л.Аринунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, эдийн засгийн ухааны доктор, профессор, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, бизнесийн удирдлагын магистр, докторант, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нар тус тус нэр дэвшсэн байна.
 
Нэр дэвшигчдэд хандаж гишүүдээс банкны салбар хүнд хэцүү байгаа энэ үед Монголбанкны үйл ажиллагааг сайжруулахын тулд шударга, сайн ажиллаж, олон нийтийн дуу хоолойг хүргэх үүргийг хангаж ажиллаарай хэмээн захьлаа. Томилгоог УИХ-ын нэгдсэн чуулганаар авч хэлэлцэх аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг