sonin.mn
 Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-өөс  авлигын эсрэг ажлын хүрээнд бизнесийн ил тод байдлыг сайжруулах зорилгоор Бизнесийн ёс зүйн ажлын хэсгийг байгуулан, манлайлагчдыг хүчин чармайлт гаргахыг уриаллаа.
 
Бизнесийнхэнд хандан гаргасан уриалгад “Авлигатай тэмцэхэд Засгийн газар чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ компаниуд өөрсдийн үйлдэлд мөн хариуцлага хүлээх ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон үндэсний  компаниудад авлигад өртөх эрсдлийн үнэлгээ хийж, үйл ажиллагаагаа шударга явуулахыг зорьж буй юм. Гэсэн хэдий ч хувийн хэвшлийнхэнд хийх зүйл их байгаа бөгөөд бизнесийн салбарын удирдлагууд бусдыг авлигын эсрэг баттай тэмцэхийг хөхиүлэн дэмжиж, материаллаг дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэжээ.
 
 Мөн МБЗ-өөс Засгийн газарт хандан  уриалга гаргажээ. Тус уриалгад НҮБ-ын Авлигын эсрэг конвенци зэрэг олон улсын стандартад нийцсэн хуулийн зохицуулалтын хүрээг бүрдүүлэх, ил тод бизнесийн ажиллагааг дэмжих, авлигын эсрэг холбогдох бодлого, хуулиудыг хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Төрийн байгууллагуудад авлигын эсрэг шударга тогтолцоо бүрдүүлж, авлигыг таслан зогсооход бизнесийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах цаг үед ирээд байна. Авлигатай тэмцэх газрын санхүүжилтийг хангалттай шийдвэрлэж, улс төрийн хөндлөнгийн оролцооноос ангид байлгаж, бие даасан эрх мэдэл олгох замаар тус байгууллагыг бэхжүүлэхийг уриалж байна” хэмээн тодотгожээ.
 
Дашрамд дурдахад, Дэлхийн банкны судалгаагаар жилд ойролцоогоор 1 их наяд ам.долларыг хээл хахуульд зориулдаг гэсэн судалгаа гарчээ.