sonin.mn
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын Эмэгтэйчүүдийн Сангаас өнөөдөр “Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооё” уриан дор "Нэг зорилго- Нэг дуу хоолой"  арга хэмжээг  Блю Скай зочид буудлын Топаз танхимд зохион байгуулав.
 
Охид бүсчгүйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 18 ТББ оролцож, 2016 онд хийж бүтээсэн ажлаа танилцуулав.
 
Тухайлбал, “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын эвсэл”-ээс Монгол улсын нийт хүн амын 51.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа тухай судалгааг танилцуулав. Тус байгууллагаас ажлын байрны бэлгийн дарамтын талаар  705 эмэгтэйн дунд судалгаа явуулахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэсэн байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хэрэгтэнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон заалт оруулах, энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн эмэгтэйг хамгаалах, хохирол барагдуулах талаар нэгдсэн дүрэм, журамтай болох хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан байна.
 
“Бодлогод залуусын хяналт” ТББ нь Нээлттэй нийгэм форумын арга зүй болон санхүүгийн дэмжлэгтэйгээр нийслэлийн захын дүүргүүдэд “Залуучуудын дундах хүчирхийлэл” судалгаа явуулжээ. Мөн сурагчдын дундах үе тэнгийхний дарамт, хүчирхийллийн асуудлыг олон нийтэд танулах үе шаттай нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулсан байна.
 
Мөн “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх, төрийн ажилд түлхэц үзүүлэх чиглэлээр 5-8 жилийн ажлын төлөвлөгөө боловсруулжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нэн даруй бодит арга хэмжээ авахгүй бол 2017-2024 оны хооронд 13 мянган хүн нас барах магадлалтай гэдгийг тус ТББ-аас анхааруулав.
 
Э.Энэрэл
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг