sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт “Гүйцэтгэх засаглалыг өөрчлөн зохион байгуулахад чиглэсэн өргөн хүрээтэй төлөвлөгөө” гэдэг нэртэй шинэ зарлигт гарын үсэг зурлаа.
 
Энэхүү баримт бичиг нь хөрөнгө хэмнэх зорилгоор АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг ихээхэн өөрчлөх зорилготой ажээ.
 
“Бид улсынхаа түүхэнд ХАМГИЙН САЙН засгийн газрын танхимыг бий болгосон" гэж Цагаан ордны тэргүүн зарлигт гарын үсэг зурах үеэрээ хэлээд "тиймээс яам, агентлагуудаа аль болохоор цомхон, үр ашигтай ажиллуулах боломжийг бид танхимын гишүүддээ олгохыг хүсч байна. Тэд үүнийг хэрхэн хийхээ мэднэ. Өнөөдөр манайд хаа сайгүй ажил үүргийн давхцал их байна, мөнгийг тэрбум тэрбумаар нь салхинд хийсгэж байна” гэж Д.Трамп ярьжээ.
 
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө " мөнгө хаана үр ашиггүй үрэгдээд байгаа, ажлаа хэрхэн сайжруулж болохыг судалж, санхүүжүүлж буй хөтөлбөрүүд нь үнэхээр Америкийн ард түмний эрх ашигт үйлчилж байна уу гэдгийг яам, албан газрууд сайтар судалж тогтоох ёстой" гэлээ.
 
Зарлигт гарын үсэг зурах ёслолын үеэр Ерөнхийлөгч зарлигийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цагаан ордны аппаратын Захиргаа, төсвийн удирдах газрын даргад үүрэг болгосноо дурдсан юм.
 
Захиргаа, төсвийн удирдах газар Засгийн газрын болон засгийн газрын бус шинжээчид, түүнчлэн олон нийтийн төлөөлөгчидтэй зөвлөлдөх үүрэгтэй юм. “Washington Examiner” сонинд бичсэнээр, эрх баригчдын үйл ажиллагааны юуг нь яаж засч залруулах талаар санал бодлоо өгөхийг түүхэнд анх удаа эгэл жирийн америкчуудад санал болгож байгаа ажээ.
 
“Хүлээж авсан мэдээлэлүүдэд үндэслэн бид Холбооны Засгийн газрын үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, нягтруулан бэхжүүлэх, шаардлагатай бол илүүдэл орон тоог цөөлөх замаар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулна” хэмээн Трамп хэллээ. Үүний үр дүнд, АНУ-ын Холбооны Засгийн газар илүү үр бүтээлтэй ажиллах ажээ.
 
Дээр дурдсан төлөвлөгөөг АНУ-ын Конгресст танилцуулж, улмаар хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хамтын хүч чармайлтаар амьдралд хэрэгжүүлнэ гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.
 
Үүнээс өмнө даваа гарагт “Вашингтон пост” сонинд бичсэнийг үзвэл, 10 дугаарын 1-нээс эхлэх 2018 оны санхүүгийн жилийн Холбооны төсвийн төсөлд Дэлхийн II дайны үеэс хойших хугацаанд АНУ-ын Засгийн газарт хамгийн том цомхотгол хийхээр тусгажээ.
 
АНУ-ын Холбооны засгийн газрын зардал 2018 оны санхүүгийн жилд 4,091 их наяд доллар байх юм. Энэ мөнгөний гуравны хоёр орчим нь нийгмийн даатгалын хөтөлбөрүүд, Medicaid, Medicare-ийн орлого багатай иргэд болон өндөр настнуудад эмнэлгийн тусламж үзүүлэх, улсын өрийн үйлчилгээ зэрэгт зарцуулагдах аж.
 
Үлдсэн гуравны нэгийнх нь тэн хагас гаруйг нь батлан хамгаалах салбарт зарцуулснаар 2018 онд Пентагоны төсөв 54 тэрбум доллароор нэмэгдэх юм. Харин АНУ-ын Төрийн Департамент, түүний бүтцэд багтдаг Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтыг 37 хувиар, Орон сууцны барилга, хотын хөгжлийн яамныхыг 14 хувиар, Худалдааны яамныхыг 18 хувиар, Байгаль орчныг хамгаалах холбооны агентлагийнхыг 20-25 хувиар тус тус танахаар төлөвлөж байна. 
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг