sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар өчигдрөөс эхлэн их хэмжээний цас орсны улмаас төөрч алга болсон иргэдийг ОБЕГ-аас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
 
Тэгвэл Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас малд яваад сураггүй болсон иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нар, мөн аймгийн Тариалан сумын “Шар бүрдийн хөдөө” гэдэг газраас малтайгаа уруудаж төөрсөн иргэн Я-гийн 10-15 насны гурван хүүхэд, Өмнөговь сумаас Холбоо баг руу дуудлагад яваад сураггүй болсон сум дундын эмнэлгийн их эмч Д, жолооч А нарыг эсэн мэнд олсон байна.
 
Мөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Хаш” гэдэг газраас сумын төв орохоор мотоцикльтэй гарч яваад сураггүй болсон гэх иргэн С /50 настай, эрэгтэй/-ийг эсэн мэнд олжээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг