sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /The Dialogue/.  Гадаад бодлогын чиг баримжаагаа тодорхойлоход нь туслах боломжтой олон тоглогчийг өөртөө татах боломжтой хэдий ч далайд гарцгүй байршил нь Монголын хувьд Зөвлөлтөөс хамааралтай байсан бусад улс орны нэгэн адил гадаад бодлогын боломжит хувилбаруудыг хэрэгжүүлэхэд саад болж байна.
 
Тэдгээр тоглогчдыг “гуравдагч хөршүүд” гэдэг. Гуравдагч хөршүүдийн хувьд Монголын мөнхийн хөрш болох БНХАУ болон ОХУ-аас ялгаатай нь газарзүйн хувьд хол  оршдог,  тус улстай хиллэдэггүй улс орнууд юм. Гэхдээ эдгээр нь хөрш Хятад ба Орост байнга хяналт тавьж, хүйтэн дайны үеийн нөхцөл байдал руу дахин унахгүй байхад нь Монголд тусалж чадах наад зах нь дипломат түвшний чухал түншүүд билээ.
 
Хүйтэн дайн дууссаны дараа Хятад-Орос, Хятад-Монголын харилцаа хэвийн болж, ардчилсан тогтолцоо ба зах зээлийн эдийн засагт шилжсэн нь Монголын хувьд олон улсын улстөрийн бодлогод нэвтрэн орохын тулд бие даасан гадаад бодлоготой болох замыг засч өгсөн. Хамгийн ашигтай хувилбараар гадаад харилцаагаа бэхжүүлэх нь ямар ч улсын гадаад бодлогын гол зорилго байдаг учир Монголын эн тэргүүний хүсэл нь гадаад бодлогоо боловсруулахдаа “үндэсний ашиг сонирхол”-оо бүрэн бүтнээр хадгалах явдал байлаа.
Үндэсний ашиг сонирхол гэдэг нь “тухайн улс орны оршин тогтнол, аюулгүй байдлын үндэс” юм
XX зууны аугаа реалист сэтгэгч Ганс Моргенто “бүх улстөрч эрх мэдлийн төлөө тэмцдэг. Дэлхий тэр чигтээ улс төржих үед улс төрийн ертөнцөд үлдэх сүүлчийн ганц үг нь “үндэсний ашиг сонирхол” гэдэг үг байж магадгүй” гэж хэлсэн байдаг.
 
Ийм учраас улс орнууд гадаад улс орнуудтай харилцахдаа үндэсний ашиг сонирхлоо эн тэргүүнд тавьдаг билээ.
 
Харин улс төр, эдийн засаг ба цэрэг армийн хувьд хүчирхэг улс орнууд аюулгүй байдалдаа ихээхэн ач холбогдол өгөхийн сацуу хязгаарлагдмал нөөцтэй жижиг улс орнуудад шахалт үзүүлэх замаар тэргүүлэх чиглэлийг нь өөрчлөхийг оролддог.
Гэхдээ тухайн улсын хэрэгцээ болон шаардлагаас хамаараад үндэсний ашиг сонирхол нь байнга өөрчлөгдөж байдаг юм. Монголын гадаад бодлогын чиг баримжаа нь нэгэн адил өөрчлөгдөж байна.
 
Гадаад бодлогын үндсэн санааг тайлбарласан агуулга бүхий “Олон тулгуурт гадаад бодлого” буюу Гадаад бодлогын үзэл баримтлалын тухай хуулийг Монголын парламент 1994 онд баталсан юм.
Хятад ба Оростой харилцаагаа бэхжүүлэх нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг  мөн боловч хоёр хөршийн аль нэгний эсвэл ямар нэгэн гуравдагч хөршийн аясыг харна гэсэн үг биш.
Монгол Улс хоёр хөршийнхөө аль алинтай нь адил тэгш харилцаатай байхыг эрмэлзэдэг юм. Үүний зэрэгцээ тус улс нь улс төр ба эдийн засгийн хувьд аль нэг улсаас хэт хамааралтай болохоос болгоомжилдог.
Хятад Оросоос бусад улс орнуудтай гадаад харилцаагаа бэхжүүлэхэд чиглэсэн “гуравдагч хөрш”-ийн бодлогыг Монгол Улс хэрэгжүүлж, дэлхийн өндөр хөгжилтэй ардчилсан улс орнууд болон олон улсын тэргүүлэх байгууллагуудтай өөрийн ашиг сонирхлыг уялдуулахыг эрмэлзэж байна.
 
Монголын эдийн засгийн хөгжил, нийтлэг үнэт зүйлст хувь нэмрээ оруулах боломжтой улс орнуудыг “гуравдагч хөрш” гэж тодорхойлж байна. Монголын гуравдагч хөршүүдийн тоонд АНУ, Герман, Япон, Турк, Энэтхэг зэрэг улс багтаж байна.
Хятад ба Оросоос бусад улстай оронтой харилцаагаа бэхжүүлэх Монголын “гуравдагч хөрш” гэх стратеги нь шинэ мянган эхэлснээс хойш дотоодод төдийгүй гадаадад гарсан өөрчлөлтүүдийн үр дүн байлаа. Энэ нь 2011 онд Монголын удирдагчдад гадаад бодлогын үзэл баримтлалаа эргэн хянаж өөрчлөх сэдлийг өгсөн юм. Хүйтэн дайнаас хойш Хятад улстай хоёр талын харилцаагаа бэхжүүлж, хоёр талын харилцаа нь Монголын гадаад харилцааны гол хүчин зүйлсийн нэг болсон мэт боловч 2011 онд шинэчлэн баталсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Хятадыг “аюулгүй байдлын хамгийн том асуудал” гэж тодорхойлсон байдаг юм.
Хятадтай газарзүйн хувьд өргөн цар хүрээг хамарсан газар нутгаар хиллэдэг, Бээжин Монголын эдийн засагт давамгайлж байгаа учир Монгол Улс Хятадыг шуудхан үл тоомсорлож болохгүй байгаа юм.
Монголын эдийн засаг бараг бүхэлдээ Хятадаас хамааралтай бөгөөд Хятад бол олон жилийн турш хүртэл Монголын худалдааны хамгийн том түнш хэвээр байгаа гэдгийг санаж байх нь чухал. Монголын экспортын нийт бараа бүтээгдэхүүний 91 хувь нь, импортын 32 хувь нь Хятадад ногдож байна.
Мөн Хятад бол Монголд оруулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бүрдүүлэгч гол орон юм.  ОХУ ойрын ирээдүйд экспорт болоод гадаадын хөрөнгө оруулалтын аль алиных нь тухайд Монголд ашиг тусаа өгөхгүй байж магадгүй.
 
Америкийн монгол судлаач Алисия Кампи хэлэхдээ “уул уурхайн салбарт Хятадын компаниуд олноороо орж ирэхээс Улаанбаатар болгоомжилж байгаа хэдий ч Оросын үнэтэй шатахуунаас хамаардаг байдлаа багасгахыг Монгол Улс эрмэлзэж байна. Тиймээс  хүссэн ч хүсээгүй ч Хятад улс наад зах нь богино хугацаанд Монголын нефтийн томоохон нийлүүлэгч болох төлөвтэй байна” гэв.
Нөхцөл байдал ийм байгаа тул Монголын гадаад бодлогод мөнхийн хоёр хөрш нь ихээхэн нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй.
Тиймээс газарзүйн байршлаас хамаараад  Монголын ашигт малтмал Хятад эсвэл Оросоор дамжихаас өөр аргагүйд хүрч байна. Одоогоор, Монголын экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь Хятадад ногдож байна.
Энэ бол далайд гарцгүйн улмаас Монголын хувьд хэзээ ч даван туулж чадахгүй гол сорилтуудын нэг юм. Ардчиллын эрин үе дэх Монголын гадаад харилцааны хамгийн чухал хүчин зүйл нь улс төр бус эдийн засаг боловч гуравдагч хөршүүд нь тус улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэг хол байна. Тэгэхээр, Монголын гадаад бодлогын голдрил нь гадаадын тоглогчид эдийн засгийн хувьд хэр өгөөжтэй байхаас хамаарч магадгүй юм гэж Энэтхэгийн Жавахарлал Неругийн нэрэмжит их сургуулийн Олон улс судлалын сургуулийн доктор Вайшали Кришна бичжээ. /2017.05.20/
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг