ИХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Ж.Сүхжаргалмаатай ярилцлаа.
 
-Үндсэн хуулийг өөрчлөх тухай сүүлийн үед хүчтэй ярьж, шат шатанд ажил өрнөж байна. Гэхдээ иргэний нийгмийн байгууллагууд, парламентад суудалтай, суудалгүй ихэнх намын дуу хоолой төдий л гарахгүй байна уу даа?
 
-Миний хувьд энд намын нэрийн өмнөөс ярихаас илүү тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх сүүлийн үеийн үйл явц, зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөлд орж ажилласны хувьд, нөгөөтэйгүүр иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн байр сууриас хандаж ярих нь зүйтэй болов уу.
 
Би ТББ-ын тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг бичилцэж, оролцсоны хувьд, мөн НҮБ-д засаглалын асуудал, ядуурлыг бууруулах хөгжлийн чиглэлээр 10 жил ажилласан учраас  төрийн байгуулал ямар байх ёстой вэ, засаглал ямар байх вэ гэдэг талаас мэдэх, эн тэргүүнд хэлэх цөөнгүй хүний нэг юм. Харин таны асуусан Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд ТББ-уудын дуу хоолой хүрэхгүй, парламентад суудалгүй намуудын оролцоо дутмаг, хэлж, ярьж байгаа заримыг нь хүлээн зөвшөөрөх асуудал учир дутагдалтай байна гэдэгт хариулахад,  манайд ардчилал бий болсон гэдэг ч ардчиллын  шинж чанар ерөөс тогтоогүй байна. Ардчилсан тогтолцооны онцлог бол хамтын шийдвэр олонхиор гаргахдаа юугаараа өөр байдаг вэ гэвэл, цөөнхийнхөө, сөрөг хүчнийхээ, нийгэмд байгаа олонхийн бус үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, аль болох тусгаж чаддаг  байх ёстой. Гэтэл манайд энэ талаараа ардчилал тогтоогүй байгаа. Тухайлбал, парламент дахь албан ёсны сөрөг хүчин ч сөрөг хүчин болж чаддаггүй. Хууль ч байхгүй. Бусад орон сөрөг хүчний тухай хуультай. Ийм байдалд, сонгуулийн үеэр гэгээрсэн, гэгээрээгүй ТББ-ын дэмжлэгийг бий болгохыг л манай эрх баригчид сонирхдогоос  биш улс орноо, нийгмээ хөгжүүлэх, болж байгаа, болохгүй байгаа асуудлуудаа зөвлөлдөх нь манайд огт хэрэгждэггүй. Тэгэхээр манайд бүрэн бус ардчилал байна.
 
-Дотор нь орж ажилласны хувьд та зөвлөлдөх санал асуулгыг юу гэж үзэж байгаа вэ?
 
-Зөвлөлдөх санал асуулга арга, хэлбэрийн хувьд зөв болсон гэж үзэж байгаа. Зөвлөлдөх санал асуулга бол нийгмийн гэрээ гэж нэрлэгддэг. Ард түмний төлөөлөл  улс орон ийм байх ёстой, ийм үнэт зүйлийг эрхэмлэнэ, үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явна гэж зорилго, арга, зохион байгуулалтаараа нийгмийн гэрээг хэрэгжүүлсэн. Нийгмийн гэрээ нийт иргэдийн хүсэл зорилгыг илтгэх баримт бичиг болохоор заавал зөвлөлдөх ёстой юм. Урт удаан зөвлөлдөх ёстой. Зөвлөлдөх санал асуулга хоёр өдөр болсон, түүний өмнө санал асуулга авсан. Гэхдээ зөвлөлдөх үйл явц нь нэг, хоёр жил, түүнээс ч урт үргэлжлээд, бүх асуудлыг А-гаас Я хүртэл бүх тал ягштал ойлгож, тохиролцтол ямар л хугацаа шаардагдах ёстой вэ хийх хэрэгтэй юм. Өнөөдөр манай ул­сын хувьд Үндсэн хууль тулгамд­сан асуудал биш. Үндсэн хууль том зорил­гуудаа зөв гаргаж тавьсан. Энэ бол дотоод, гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Манай иргэд улс төрийн талаар идэвхтэй биш, төлөвшөөгүй ард түмэн. Тэгэхдээ гадаа­дад манай Үндсэн хуу­лийг сайн хууль гэж хү­лээж авдаг. Өнөөгийн бай­далд ард түмэн засаг, төрийн үйл ажиллагаанд дур­гүй­цэх, шүүмжлэх бай­далд хүрсэн. Түүний цорын ганц шалт­гаан нь хариуц­лагын тог­тол­цоо, сайн засаглалын асуудал. Сайн засаглал Ерөнхийлөгчийн засаглал­тай ч байдаг, парламентын засаглалтай ч байдаг. Холимог засаг­лалд ч байна. Хариуцлагын тогтолцоог сайжруулах л хамгийн тулгамдсан асуудал. Хариуцлага байхгүй, ашиг сонирхлын зөрчил хамгийн дээр байгаа үед түүнээс болж авлига дээд түвшээс доошоо нийгмийг бүхэлд нь нөмөрдөг. Тэгэхээр гол нь засаглалын асуудал л байгаа юм. Үүнийг засахын тулд Үндсэн хуулиар оролдох ямар ч шаардлага байхгүй.
 
-Ямар гарц, боломж байна?
 
-Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Ашиг сонирхолын зөрчлийн тухай хууль, Авлигатай тэмцэх хууль гээд багц хуулиа сайжруулахад манай засаглалын шинж чанар сайжрах боломжтой. Үүнийг ч Зөвлөлдөх санал асуулгын үеэр түүнд оролцсон 700 гаруй хүнд сайн таниулж өгсөн. Энэ санааг Үндсэн хуулийн  сайн хуульчид хэлж байсан. Үндсэн хуульд ардын хянан шалгах хороо байна гэснээр асуудал сайжирчихгүй. Түүнийг ажиллуулж байгаа улс төрийн хүчнүүдэд асуудал байгааг ч санал асуулгад оролцогчид хэлж байсан. Бас нэг зүйлийг оролцогчид олон удаа хэлснийг би дотроо дэмжиж байлаа. Гэхдээ би санал асуулгын зохион байгуулалтын нэг хэсэгт орж ажилласан учраас  гаргаж хэлж болохгүй байсан.
 
-Тэр нь юу билээ?
 
-Хөгжлийн загвар, хөгжлийн эрхэм зорилго, түүнийгээ тодорхойлоогүй үед Үндсэн хууль хэрэгж­дэггүй. Гэтэл бид тэрийгээ хэлээгүй. 26 жил энэ л Үндсэн хуультайгаа явж, ямар нийгэм байгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Тэгш бус байдал, авлига, ядуурал газар авч, сүүлийн дөрвөн жилийг харвал эдийн засгийн хөгжлийн бууралт гол үзүүлэлт болж, улс орон маань хоёр дахь удаагаа өрөнд дарагдаж, төлбөрийн чадваргүйгээс дампууралд орчихоод байж байна. Тэгэхээр дахиад хэлэхэд, бидний тулгамдсан асуудал хариуцлагын тогтолцоо юм. Манай Иргэний хөдөл­гөөний нам  сон­гуульд оролцохдоо “Хариуцлагын хувьсгал хийнэ” гэж оролцож байсан. Бидэнд хариуцлага ч чухал байна. Бод л доо, жолооч нь муу байхад машин нь хэчнээн сайн байсан ч нэмэргүй шүү дээ. Жолооч гэдэг нь 26 жил манай улсыг дампууралд хүргэсэн, тэгш бус байдлыг гааруулсан, төрийн тогтолцоогоо авлигад идүүлчихсэн энэ л улс төрийн хүчнүүд  байгаа шүү дээ. Муу жолооч “Газ-469”-ийг ч онхолдуулна, “Ланд круйзер”-ийг ч сүйтгэнэ. Машинаа барьж сураагүй байж, машинаа солих гэж яарах юун. Жолооч журам, дүрмээ сайн мэддэг, хэрэгжүүлдэг, хариуцлагатай байж машинаа барих асуудал бий.
 
-Гэхдээ л Үндсэн хуулийг урт удаан үйлчлэх чадвар гэхчлэн хэд хэдэн үзүүлэлтээр өөрчлөх ёстой гэж авч үздэг шүү дээ?
 
-НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс манай Үндсэн хуулийн 25 жилийн ойгоор дүгнэлт хийсэн байдаг юм шүү дээ /1992 оны Үндсэн хуулийн байдалд хийсэн дүн шинжилгээ гэсэн цэн­хэр хавтастай товхимол үзүүлэв/. Энэ дүн шинжилгээг хийхэд оролцсон хүмүүс нь ч бүгд манай томчуул. Мөн  Чикагогийн их сургуулийн эрдэмтэн, доктор Том Хенкс оролцсон. Удаан үйлчлэх чадвараараа манай Үндсэн хууль доголдсон юм байхгүй. Манай түүхэн дэх бүх Үндсэн хуулиас хамгийн удаан насалж байгаа нь энэ. Муу байсан бол манай улс аль эрт үймээнд орж хэцүүдэх байсан. Тэгэхээр энэ хууль маань  болж байна гэсэн үг. Тухайлбал, төр, засаг уул уурхайг төрийн бодлогын нэг хэсэг болгоод явахад манай ард түмэн Үндсэн хуулиа хамгаалж, ард түмний өмч, төрийн хамгаалалтад байна гэж шаардсан. Энд янз бүрийн зөрчил гараагүй. Улс төрийн хүчнүүдийн зүгээс хуваагдалтай явж ирсэн  ч айхтар хурцадсан зөрчил гараагүй. Ер нь манай нийгэм ард түмний зан авирын ачаар гэх үү дотооддоо айхтар хямарч зөрчилдөж байсангүй. Тэгэхээр Үндсэн хууль маань болоод байна гэсэн үг. Тулгамдсан асуудал биш гэдэг нь үүнээс харагдана. Харин өр төлбөрийн чадварын, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудал байна.
 
-Үндсэн хуулийг өөрчлөх, батлах бүтцийн тухайд та юу хэлэх бол?
 
-1992 оны Үндсэн хууль ард түмэн их өргөнөөр оролцож баталсан хууль. Баталсан тэр бүтэц нь ч өнөөгийн 76 гишүүнтэй УИХ-аас өөр. Тухайн үед 430 депутаттай АИХ баталж байлаа. Бүх талын төлөөлөл тэнд багтсан. Ард түмэн саналаа өргөн хэлж оролцсон. Ийм Үндсэн хуулийг нэн ялангуяа 26 жил улс орныг удирдаж, өнөөгийн хүнд байдалд оруулсан улс төрийн хүчнүүд өөрчилж  болохгүй л дээ. Гэтэл тэд өнөөдөр Үндсэн хуулиар оролдож байгаад дургүй хүрэх юм. Өөрсдийн бурууг Үндсэн хуульд нялзааж болохгүй.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин