sonin.mn
20.10 цагт автобусны буудал дээр бага ангийн бололтой хэдэн хүүхэд ийш тийш харан холхин зогсоно. Хааяахан хөлөөрөө газар товших агаад алгаа үржчихээ дарж буйг харахад нэлээд даарсан бололтой. Ийм дүр зургийг нэлээд хэдэн өдөр Долоон буудлын автобусны зогсоолын орчимд харлаа. Хүүхдүүд Вокзал-Өвөрсогоот чиглэлийн автобус хүлээж байгаа нь энэ. Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн олон автобус зорчдог ч Өвөрсогоотын чиглэлд ганцхан учир ийн царай алдан даарч зогсдог байна. Зам хол учир суудлын автомашин хэртэй бол явахгүй. Явсан ч 1000- 1500 төгрөгөөр явдаг ажээ. Хүүхдүүд мөнгөгүй болохоор нийтийн тээврээ л хүлээхээс өөр аргагүй. Боломжтой нь суудлын машинд суучихдаг учир өндөр настан, хүүхдүүд л арга ядан хүлээдэг байна. Өвөрсогоотод амьдардаг иргэд нийтийн тээврийн чиглэл, автобусаа нэмүүлэх хүсэлт удаа дараа тавьсан ч одоо хүртэл арга хэмжээ аваагүй байна. Удахгүй ес эхэлж, хүйтний эрч чангарна. Тэр үед явгарах аюул тулгараад буй хүүхэд хөгшчүүлийг яах вэ.
 
Уг нь сонин хэвлэл, радио телевизээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмсэн гэж мэдээлэх юм. Даанч хэрэгтэй газар нь анхаарал хандуулж унааныхаа тоог нэмж чадахгүй болохоор нийслэлийн иргэд . хохирсоор байна. Болдогсон бол хотын даргыг энэ чиглэлд зорчоод үзээч гэж хүсмээр байна. Бүр хэнд ч мэдэгдэхгүй очвол бодит дүр зургийг харж болно. Энэ чиглэлд хэд хэдэн сургууль, цэцэрлэг байдаг учир автобус унааны асуудлыг хурдан шийдэх шаардлагатайг хотын дарга танд аминчлан дуулгаж байна.
 
 
Б.Номуун
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин