sonin.mn
Улс  төрөөс хол байдаг ч цаг  үе, үйл явдалд  байнга дүгнэлт хийж байдаг эрхмүүдийн нэг,  физикч Л.Бямбажаргалыг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.
 
–Оны эхнээс өрнөж буй  үйл явдлууд,  тэр дотроос “Эрдэнэт”-ийн талаар  таны бодлыг сонсъё? 
 
-Он гарсаар хамгийн их шуугиан тарьсан  нь “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал байх шүү. Бүх шатны шүүхийн шийдвэр гарч, оны өмнө  Улсын бүртгэлийн газар гэрчилгээг нь олгож, албан ёсоор анх удаа ТУЗ-ийн хурлаа хийж асуудлаа шийдсэнийх нь маргааш Засгийн газар шуурхай хуралдаад  100 хувь төрийн өмчид авсанаа мэдэгдсэн. Хэрүүлийн алим болоод байгаа 49 хувь Монголын ард түмний өмч биш.
ОХУ-ын мэдэлд  байгаад зарахад нь Монголын компани аваад  эх орондоо оруулж ирсэн. Яаж оруулж ирсэн нь сонин биш. Ямар ч байсан хоёр орны хоорондын гэрээгээр ажилладаг, Монгол Улсын хуульд барагтай бол захирагддаггүй, хяналт султай байгууллагын 49 хувь нь хувьд шилжсэнээр нэг талаас Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, Монголын үндэсний  компани  болсон гэсэн үг. Нөгөө талаас 49  хувийг  худалдаж авахдаа зарсан хөрөнгөө олохын тулд 51 хувьдаа хяналтаа сайн тавина. Үүний үр дүн нь өнгөрсөн  жил  “Эрдэнэт” үйлдвэрийн улсад төлсөн татварын хэмжээ, түүнчлэн урьдчилсан байдлаар олж буй ашгийн хэмжээнээс харагдана. Энд хувьчлал явагдаагүй хоёр орны  компанийн  хооронд   худалдах, худалдан  авалтын ажиллагаа хийгдсэн. Анхны гэрээнд зааснаар монголчууд давуу эрхтэй болж байгаа болохоос оросууд ашгаа бодно гэвэл Казахстан юм уу,  Хятадын  хувьцаа  худалдан авах  сонирхолтой  компанид  зарчихаж болох  байсан. Бид чөлөөт зах зээлд шилжих  гэж байгаа бол аль болох төрийн оролцоог багасгах ёстой. Шаардлагагүй зарим  өмчөөс татгалзаж, хувьчлал явуулдаг байх ёстой. Гэтэл хувийн компанийн олж ирснийг төр авна гэх юм. Засгийн газар нь  өөрийн авах ёстой нэг их наяд шахуу төгрөгийн авлагаа  суутгаж авлаа  гэсэн. Засгийн газар нэг их наяд төгрөгийг УИХ-аас гадуур шийдэх бүү хэл  төсөвт  заагаагүй бол нэг ч төгрөг хөдөлгөх эрхгүй. Засгийн газар, 49  хувийг  авсан “Монголын Зэс” корпорацийн хооронд ямар ч өглөг, авлага  байхгүй.  Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсаных нь төлөө  тэр банкнаас авах ёстой өрөө суутгана гэдэг байж боломгүй. Жишээлбэл,  бид Хаан банкнаас зээл авч орон сууцанд ортол Хаан банк чинь манайд өртэй байсан гээд байрыг хурааж болохгүйтэй адил. Өөрөөр хэлбэл, шууд харилцагч биш шүү дээ. Энэ мэт  шуугиан дэгдээж олон нийтийн сэтгэл зүй дээр тоглосон явуургүй үйлдэл  гэж харж байгаа.
 
–Шуугиан тарьсан дараагийн асуудал  утааны тухай байлаа. Нэг талаас Засгийн газар шуурхай ажиллаад  байх  шиг, нөгөө талаас   шоу хийгээд байх шиг?
 
-Утаатай тэмцэх гол зүйл нь утаа гаргаж байгаа зүйлтэй тэмцэх. Зүй нь түлшээ яаж сайжруулах вэ, утааг нь яаж багасгах вэ гэдэг талаар ярих ёстой байтал иргэний хийх ёстой гэрээ дулаалах, амандаа маск зүүх тухай яриад, нүүрс түлж утаа гаргавал  торгоё, орон сууцжуулъя, гэр хороолол руу дулааны шугам татъя гэлцэх юм. Манайхны утаа гээд байгаа зүйл энгийнээр хэлбэл тортог, мэргэжлийн хэлээр бол 2.5 микроноос дээш диаметртэй тоосонцор юм. Тоосонцороос салж болох зөндөө арга бий, хамгийн түрүүнд түлшээ сайжруулах. Дээр нь итгэлтэй ч юм шигээр сонсогдож байгаа нэг зүйл нь газ хэрэглэх,  цахилгаанаар халаах тухай. Энерги хадгалагдах тухай зургадугаар ангийн физикийн хичээлд  “Нэг энерги нөгөөд шилжихдээ хадгалагдаж хувирах бүрт тодорхой хэмжээний алдагдал гаргадаг. Түүнийг нь ашигт үйлийн коэффицентээр хэмждэг” гэж заадаг. Манайд Багануурын нүүрсийг авчирч шатаагаад  цахилгаан үйлдвэрлэдэг. ДЦС-ын  ашигт үйлийн коэффицент хэзээ ч 100 хувьд хүрэхгүй. Өнөөдрийн статистикаас үзвэл,ДЦС-ын  түлж байгаа нүүрсний хэмжээ, гэр хорооллын түлж байгаа нүүрсний хэмжээнээс бага байгаа. Тийм хэмжээний нүүрс түлчихээд тэр их дулааны хэрэгцээг хангах нь худал. Нөгөө талаас, манай цахилгааны хүчин чадал гэр хорооллын  цахилгааны хэрэглээ бүү хэл гэрэлтүүлгийнх нь  хэрэгцээг хангаж чаддаггүй. Тэнд цахилгаан халаалт тавихад зориулсан өндөр чадалтай цахилгаан бус хэрэглээний зориулалттай 16 амперийн утсан монтажтай байгаа. Энэ нөхцөлд  түймэр тавина, эсвэл гал хамгаалагч нь шатчихна. Өнөөдөр ийм зүйлийг дэмжиж, түүн рүү хөрөнгө оруулах нь ирээдүйгүй. Амьжиргаа сайтай цахилгаан халаагуур  аваад байшингаа дулаалж  тохь тухтай амьдарч байгаа айл  цөөхөн бий.  Өнөөдөр нүүрс түлдэг айлыг боль, гэрээ цахилгаанаар халаа гэвэл онолын хувьд боломжгүй, тэр нь зүгээр л сайхан санаа. Температурын зөрүүтэй Солонгос гэх мэт орны халаалтын системийг Монголд нутагшуулна гэж яриад нэмэргүй. Тэсгим хүйтнийг давахын тулд дулаанаа цахилгаанаар шийдсэн улс дэлхийд одоогоор алга. Байгалийн хийгээр гэр хорооллоо халаах хүртэл манайх удна. Тэгэхээр эцсийн шийдэл түлшээ боловсруулж, тортогийг багасгах ганц л  зам бий.
 
–Орон сууцжуулах  төсөл  хэрэгжүүлэх,  гэр хороолол руу дулааны шугам татах нь  боломжтой биш үү?
 
-Дулааны шугам сүлжээ татахад нэг м/кв нь бараг сая төгрөг болох байх. Тэгэхээр 30 сая төгрөгөөр шугам татах боломж хэнд байна вэ. Орон сууцжуулъя гэхэд найман хувийн зээлээр орон сууцанд орох боломжтой хүнийх нь  нөөц дууссан. Одоо зээлтэй байгаа зарим нь сард төлдөг лизингээ хугацаанд нь төлж чадахгүй болж,  эхнээсээ  байраа хураалгаж орон гэргүй  болсон хүмүүс  шүүх дээр зөндөө  байна. Тиймээс  эдийн засгийн тооцоогүй, үл биелэх зүйл ярьж болохгүй.  Ер нь тэгээд иргэд төр, засгаас их юм хүсэх нь өөрөө халааснаасаа мөнгө нэмж төлөх болчихоод байна.
 
–Өөр яах юм бэ?
 
-Төр дундаас нь идчихээд сүүлээс нь жаахан юм гаргаж харуулдаг байхад төрөөс юм хүсч огт болохгүй. Он гарангуут эхэлсэн татварыг хар л даа, иргэний орлого 1.5 саяас дээш байвал тансаг хэрэглээнд тооцогдох боллоо. Их хурлын даргын хэлснээр бол тансаг хэрэглээнээс татвар авч байгаа юм гэнэ. Уурхайд ажиллаад 1.5 сая төгрөгийн цалин авдаг, ардаа 2-3 хүн тэжээдэг нөхөр тансаг хэрэглээтэй болж таарах нь. Шаталсан татвар аваад эхлэхээр  татвараас зугтдаг, нуугддаг зам руу явна. Өмнө гурав дахин илүү төлж байсан хүнийг энэ чинь бага байна гээд 15-25 хувийг нэмж авна гэдэг баялаг бүтээж, хөдөлмөрлөж байгаа хүмүүсээ ажил битгий хий гэсэнтэй адил. Татвар нэмээд татварын орлого нэмэгдүүлсэн  улс орон  байдаггүй. Тиймээс энэ бол  эдийн засагт өгч байгаа буруу дохио.
 
–Сонгуулийн жил биш  учраас эрх   баригч намууд ийм шийдвэрүүд их гаргаж байх шиг. Уг нь  араа, амлалтаа бодвол татвар нэмэхгүй байя, давхар дээлнээс татгалзъя гэмээр?
 
– Өнөөдрийн нөхцөлд ингэж яриад дэмий,  харин татвараа  ч дахиж битгий нэмээсэй,  нэмж битгий сүйрүүлээрэй гэмээр байна. Энэ чигээрээ удвал Засгийн газар өөрөө маш хүнд байдалд орж огцроход  ч хүрч мэднэ.
 
-“Төрийн ажил төмсөгний  хэрэг  боллоо”  гэсэн нийгмийн бухимдлаас харахад  УИХ  ч бас тарах урьдчилсан нөхцөл бүрдчихсэн. Дээр нь Ерөнхийлөгч бас ийм утгатай үг хэллээ?
 
-Энэ УИХ шиг  нэр хүндгүй Их хурал байсангүй. Бас ч гэж гялтайх юм байдаг юм шүү дээ, үе үеийн Их хуралд. Хэл ам гаралгүй л яахав, шанаа авах, өгөх, салаавч гаргах зэргээр янз  бүрийн араншинтай  хүн ч байсан. Зарчмын хувьд санал нийлэхгүй салаавч гаргаж байснаас тэр нь  садар самууны санаачилга биш. Өнөөгийнх шиг  өмд, бандааш ярьдаг болчихоогүй юм л даа, өмнөх Их хурлын түүхийг харахад.  Энэ үйл явдлаас болж өнөөдөр Их хурлын нэр хүнд  уналаа. Гэтэл Их хурал өөрөө Засгийн газартаа хяналтаа тавьж чадахаа байсан. Дээр нь Үндсэн хуулийн өөрчлөлт хийх зам руу явж байна. Нийгэм энэ Их хурлыг  хүлээн зөвшөөрөхгүй, одоо санал аваад үзэхэд ойлгомжтой. Ийм гурван асуудал байгаа учраас  утаагаар дамжуулж Ерөнхийлөгч та нар тарвал яасан бэ гэдэг асуудлыг тавьсан байх. Мэдээж Ерөнхийлөгчийн хүссэнээр тарчихдаг юм биш л дээ. Гэхдээ тарахгүй гэх юм уу, алдаагаа засахгүй байгаад байвал нийгмийг тогтворгүй байдал руу түлхэнэ.
Нийгмийн тогтворгүй байдал Монгол Улсын хувьд ч, жирийн иргэний хувьд ч хүсэх зүйл биш. Гэтэл буруу юмнаас эрхтэн салж байсан нь бас дээр. Цагаан сарын дараа утааны асуудал замхрах байх. Тэгвэл түүний дараачийн асуудал болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг эд нараар хийлгэхгүй гэсэн нийгмийн хүсэлт байна. Нэгэнт нийгмийн  тогтворгүй байдал үүсвэл, манайд эргээд ардчилсан засаг тогтоход хүнд. Эдийн засгийн байдал хүнд, төрд итгэх иргэний итгэл сул байна. Манайхыг хүрээлж байгаа орнуудын ардчиллын чадамж, нөлөө өөр байна. Хятад, Оросоос гадна Казахстан хил залгахгүй ч гэсэн манай хөрш. Тойрон хүрээлэл маань ямархуу байдалтай байгаа билээ, тиймээс ардчиллын чанар, чадамж одоогийн байгаагаас дордоно уу гэхээс дээрдэхгүй.
 
–Тийм хандлага илэрч байна  уу?
 
-Үзэн ядах, хүчирхийлэх уриалах хандлага сүүлийн үед ихэсч байна. Хамгийн тод жишээ бол цаазаар авах ялыг сэргээе гээд эхэллээ. Энэ нь  бид ардчилсан тогтолцооноос, ардчилсан үйл явцаас ухралт хийхэд бэлэн байгаа юм байна гэж харагдаж байгаа. Эрих  Фроммын  “Эрх  чөлөөнөөс  зугтаахуй” гэж ном байдаг, тэр нь юу гэсэн үг вэ гэвэл эхийн хэвлийд тэмүүлэх. Энгийн жишээ ярихад, шоронд орж шоронжчихоод тэрийгээ санаад байдаг гэж манайхан хэлдэг дээ. Түүн шиг бид социалист нийгэмд амьдарч байсан үе шувтарсан атал өнөөдөр тэр нийгэмд амьдарч үзээгүй, ямар ч ойлголтгүй шинэ үе өсч бий болоод тэр үед боловсрол үнэгүй, байр сууц үнэгүй байсан гэсэн дэврүүн ойлголт авч өнөөдрийн нийгэмд тэр нь үнэгүй байх юм шиг ойлгогдож тайлбарлагдаад байна. Гэтэл тухайн нийгэм тэр бүхнийг үнэгүй байлгахын тулд биднээс юуг хурааж авч байсан бэ, өмчилсөн орон сууцыг, мал хөрөнгийг, бараг зүүсэн ээмэг бөгжийг хурааж авч байсан гэдгийг ойлгохоос илүү өнөөдрийн эрх чөлөөт нийгэмд тэр үнэгүй байжээ гэсэн сэтгэхүйг хүлээж авах, ойлгох бүхэл бүтэн шинэ үе бий болчихлоо. Тийм учраас миний түрүүнд хэлсэн эхийн хэвлий рүү тэмүүлэх, ардчиллаас ухрах үйл явц Монголд газар авч магадгүй. Үүнийг  манай хөрш орнууд санаатайгаар дэвэргэж байхыг үгүйсгэхгүй.
 
–Намуудын талцал хагаралаас дахиад шинэ хүчин үүсч магадгүй. Та юу гэж харж байна?
 
-Энэ жил “Борооны дараах мөөг шиг” гэдэг шиг намуудын тоо олшрох  байх гэж бодож байна. Намуудын дотор тодорхой хэмжээнд  задрал, хуваагдал явагдах байх. Шинэ намууд ч мэндлэх байх. Сонгуульгүй жил учраас улс төр дэх шинэ хүчний дахин хуваарилалт  идэвхижих болов уу. Эрх баригч намын хувьд ч гэсэн тогтвортой байх хувилбар харагдахгүй байгаа. МАХН-ын хувьд эхэлчихлээ. Зарим шинээр мэндлэх гээд байгаа намуудын ард миний таних тодорхой улстөрчид байгааг би мэдэж байна. Тэгээд өнөөдөр даарин дээр давс гэгчээр УИХ, Засгийн газраас авч явуулж байгаа арга хэмжээ улс төрийн тодорхой хэмжээний тоглолтуудыг хийх бололцоог гаргаж өгөөд байна. Тиймээс энэ жил улс төрийн  сонгодог утгаараа намуудын хувьд тун сонирхолтой  байх болно.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин