sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Дорноговь аймгийн Алтанширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргалаа. 
Үүний тулд Алтанширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болсон байна. Тус талбай нь Сайншандаас 20 км зайтай ба энэ оны хоёрдугаар улиралд бүтээн байгуулалтын ажлууд эхлэх юм. Үүнд:
-Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэнэ. 
-Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэнэ.
-Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийх юм. Ерөнхий сайд энэ тухайд, "Эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал. Тиймээс эдгээр төслүүд дээр хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллана" хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг