sonin.mn
БЭЭЖИН. /Sputnik/. БНХАУ-ын Засгийн газар Ираны эсрэг нэг талыг баримталсан хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байгаа бөгөөд цаашид Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний /ҮАХЦТ/ хүрээнд тус улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх зорилготой байгаа гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдэв.
"Иран нь БНХАУ-ын худалдааны чухал түншүүдийн нэг хэвээр байх болно. Хоёр улсын худалдааны харилцааг хэвээр хадгална. Өнгөрсөн онд гэхэд хоёр улсын худалдааны эргэлт өмнөх оныхоос 19 хувиар өсч, 37.1 тэрбум долларт хүрсэн" гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн мэдэгдлээ.
Мөн тэрбээр Ираны эсрэг нэг талыг баримталсан хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, цаашид ҮАХЦТ-ний дагуу хоёр улсын худалдааны харилцааг хэвийн явуулах зорилготой байна гэж мэдэгджээ.
Тэгвэл Ираны тал энэ долоо хоногийн эхээр АНУ нэг талыг баримталсан хориг арга хэмжээ авлаа гэж тус улсын эсрэг Олон улсын шүүхэд гомдол гаргасан байна. 1955 онд АНУ болон Иран хооронд байгуулсан Нөхөрлөл, эдийн засгийн харилцаа, консулын эрх гэрээг зөрчсөн гэж Иран үзэж байгаа ажээ.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг