sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны урилгаар Орбис Нүдний нисдэг эмнэлэг /ННЭ/ Улаанбаатар хотноо найм дахь удаагаа ирлээ.
Тус эмнэлэг энэ сарын 12-30-ны өдрүүдэд ЭХЭМҮТ болон Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт гурван долоо хоногийн хөтөлбөрийг зохион байгуулах юм.
 
 
MD-10 агаарын хөлөгт байрладаг, хамгийн орчин үеийн, дэлхий даяар 3D мэс заслыг шууд дамжуулах боломжтой бүрэн магадлан итгэмжлэгдсэн Нүдний нисдэг эмнэлэг нь 1989 онд анх Монгол Улсад айлчилсан. Түүнээс хойш зургаан удаа давтан ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2014 онд ирсэн юм. 2015 оноос Монгол Улсын хэмжээнд хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг үзүүлдэг ЭХЭМҮТ, 5 аймгийн эмнэлэгт харааны хугарлын гажиг, харааны үзлэг, хялар, мохос хараа, хүүхдийн мэс засал, ДНР-ийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой үндэсний хэмжээний, олон жилийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
 
 
Хөтөлбөрийн эхний долоо хоногт ЭХЭМҮТ-д хүүхдийн болор цайх өвчин, хялар, нүдний нөхөн сэргээх, дутуу нярайн торлогийн эмгэгийн сургалт, хоёр дахь долоо хоногт Нисдэг нүдний эмнэлгийн агаарын хөлөг дотор симуляторт дадлагын сургалт, сүүлийн долоо хоногт Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт насанд хүрэгчдийн болор цайх өвчин, нүдний даралт, торлогийн эмгэг  зэрэг өвчний сургалт явуулах юм.
 
 
Орбис эмнэлгийн ерөнхийлөгч Жон Ранк хэлэхдээ, “Нисдэг нүдний эмнэлэг нь 1989 оноос хойш нийт 7 удаа хөтөлбөр хэрэгжүүлсэн. Орбисын хойд Азийн салбар 2014 оноос урт хугацааны үйл ажиллагаагаа Улаанбаатар хотод эхлүүлж, ЭХЭМҮТ ба 5 аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах 5 жилийн төсөл хэрэгжүүлж байна. Хүн бүрийн анхаарах асуудал нь хүүхдийн харааны саажилт болон нэн шаардлагатай урьдчилан сэргийлэх үзлэг юм. Эдгээрийг олон улсын жишгийн дагуу Монгол Улсад төлөвшүүлэн, нутагшуулахад энэ төсөл маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа. Ялангуяа дутуу төрөлттэй нярай хүүхдийн харааны эмгэгээс эхлээд нүдийг нөхөн сэргээх гэх мэт мэс ажилбарыг хийх чадавх бүрдэнэ" гэв.
Орбис төв нь сүүлийн жилүүдэд Монголын 23 мянга гаруй хүүхдэд нүдний урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 11 мянга гаруй хүүхдэд эмийн эмчилгээ, 912 хүүхдэд мэс засал хийжээ.
 
 
Ж.Болор 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг