Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорнод аймагт хийж буй албан томилолтынхоо хүрээнд тус аймагт газрын тосны чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг аймгийн удирдлагууд болон салбарын томоохон компаниудын удирдлагуудаас сонслоо. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт 1993 оноос “Соко” компани газрын тосны хайгуул хийж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар Бүтээгдэхүүн хуваах гэрээт 6 талбайд 4 компани үйл ажиллагаа явуулж байна.

 

Тодруулбал, Матад, Халхгол сумдад “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, Матад суманд “Петроматад” ХХК, Гурванзагал, Чойбалсан, Баянтүмэн сумдад “Эн Пи Ай” ХХК, Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан сумдад “Магнай трейд” ХХК тус тус ажиллаж байна. Эдгээр компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн нийт хэмжээ 38 мянган км.кв, энэ нь аймгийн нутаг дэвсгэрийн 30 хувийг эзэлж байна. Гэхдээ бодит байдал дээр Тамсагийн сав газрыг бүхэлд хамарсан үйл ажиллагаа явагдаж байгаа гэж аймгийн удирдлагууд танилцуулж байв.

 

Дээрх компаниудаас хамгийн том нь болох нефть олборлолт явуулж буй “Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааны өнөөгийн явц болон тулгамдсан асуудлын талаар Засгийн газрын тэргүүн онцлон мэдээлэл сонссон юм. Хоёр тал хамтран шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн дөрвөн асуудпыг “Петрочайна дачин тамсаг” компанийн зүгээс Ерөнхий сайдад танилцуулав. Эдгээрт херөнгө оруулалтын баталгаатай, тогтвортой орчин бүрдүүлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг эргэн харах, түүхий тосны олборлолт нэмэгдүүлэх 19, 21-р талбайн ашиглалтын лицензийг шийдвэрлэж өгөх, Бичигтийн чиглэлийн авто зг.м барилгын ажилтай холбогдуулан түүхий тос тээвэрлэлтийг зогсоохгүй байх гэсэн асуудлуудыг тус компанийнхан онцолж байв.

 

Засгийн газрын тэргүүн газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийг чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг танилцуулж, дээрх санал хүсэлтүүдтэй холбогдуулан асуудал харицсан яам, агентлагийнхнаас нэмэлт тайлбаруудыг ч уулзалтын үеэр өглөө. Харин “Петрочайна дачин тамсаг”-ийнхан өөрсдийн зүгээс бүтээн байгуулалтыг хурдасгаж, байгаль орчны нөхөн сэргээлтийг чанартай хийж, ажлын байрны тоог нэмэгдүүлж, боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллах амлалт өглөө.

 

“Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудалд Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлж, санал шүүмжийн мөрөер авч хэрэгжүүлж буй ажил удаашралтай байгааг сануулав.

 

Мөн ажиллах хүчинтэй холбоотой санал гомдол тасардаггүйг анхааруулав. Тус компанийн үйлдвэрлэлийн баазад БНХАУ-ын 26, Монгол Улсын 4 туслан гүйцэтгэгч компанид 1725 хятад, 427 монгол ажилчин ажиллаж байна. Монгол ажилчдын 80 хувь Дорнод аймгийн уугуул иргэд юм. Ажилчдын зүгээс цалин хөлс нэмэгдүүлэх, орон сууцны хангамжийг сайжруулах, ажил амралтын горимд өөрчлөлт оруулах гэх мэт шаардлага хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн. Энэ компанийн ажилчид 40 хоног ажиллаад 20 хоног амардаг, ээлжийн амралт олгогддоггүй нь Хөдөлмөрийн хуулийг зөрчиж байна гэж санал гомдол байнга тавьдаг.

 

Ажилчдын нийгмийн баталгаатай холбоотой өөр нэг чухал санал нь орон нутгаас ажиллах хүч авч ажиллуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг аймгийн нийгмийн даатгалын байгууллагад бүртгэн шимтгэл төлүүлж байх шаардлагатай байгаа явдал байв. Учир нь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн орон нутгийн ажиллагсдын нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Улаанбаатар хотод баталгаажуулдаг, нийгмийн даатгалд хамрагддаг эсэхээ шалгах боломжгүй, яаралтай тохиолдолд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ нь бөглөгдөөгүй, өөрт нь байдаггүй учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад бэрхшээлтэй байдаг аж.

 

Засгийн газартай гэрээ байгуулаад 19 жил болж буй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аль ч компаниас давуу эрх эдлэн ажиллаж буй энэ компанийн хувьд ийм жижиг асуудлуудыг жигдрүүлж, одоо бүтээн байгуулалтын том үр дүнгүүд харуулах болсныг мөн энэ уулзалтын үеэр зарим удирдлага хэлж байв.

 

Энэ уулзалтаар ярьсан асуудлуудыг богино хугацаанд харилцан шийдвэрлэхийн тулд тодорхой тоон үр дүн, цаг хугацаа, хариуцах эзэнтэй үлдээх ёстойг Ерөнхий сайд сануулж, шийдвэрлэлтийн талаар эргэн тодорхой ярилцахаар боллоо. Мөн “Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдээс хандив нэрээр орон нутгийн захиргаа мөнгө авдаг явдал байсаар байгаа нь нууц биш. Цаашид тосны үйл ажиллагаа эрхлэгчдээс танай аймаг хандив авах хэрэггүй. Үүнийг албан ёсоор ёс журмаар нь авч, зарцуулалт нь ч ил тод байх зарчимд шилжинэ" гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутгийн удирдлагуудад анхаарууллаа.

 

2011 онд аймгийн Хөгжлийн санд “Эн Пи Ай” ХХК 50 мянга, “Петро чайна Дачин тамсаг” ХХК 70 мянга, 2012 онд “Эн Пи Ай’’ХХК 50 мянган ам.долларын хандив тус тус өгсөн байна. Газрын тосны үйл ажиллагаа, тэнд ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдалтай холбоотой Еренхий сайдын сонсголын үеэр орон нутгийн удирдлагын зүгээс шавыг нь тавьсан газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэлээ. Засгийн газрын 2011 оны 222 дугаар тогтоолын дагуу зүүн бүсийн гурван аймгийг бензинээр хангах хүчин чадал бүхий жилд 120 мянган тонн газрын тос боловсруулах энэ үйлдвэрийн шавыг Тамсагаас 180-аад км-ын зайтай орших Булган сумын Зарааны хөндийд тавьсан юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"