Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнөөдөр "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл"-ийг УИХ-ын даргад өргөн барив.
Уг төсөл нь эдийн засгийн сэргэлтийг бэхжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Ингэхдээ мэдээллийн технологийн болон тогтвортой санхүүжилтын сайн туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилтыг хэрэгжүүлэх, санхүүгийн зах зээлийн хөгжлийг гүнзгийрүүлэх чиглэлд анхаарна гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэв.
 
Тэрбээр, “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гадаад худалдааны нөхцөл тогтворжиж, уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Мөн эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлого амжилттай хэрэгжин хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, бизнесийн орчин алгуур сайжирч байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өссөнөөс үүнийг харж болно. Цаашид эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг хамгаалахын тулд инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэх, банкны системийн эрсдэл даах чадварыг хөгжүүлэх зэрэг бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай. Гадаад валютын урсгалыг нэмэхийн тулд дотооддоо үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, шууд хөрөнгө оруулалт татах хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх зэрэг эдийн засгийн цогц бодлого хэрэгжүүлэх нь чухал юм. Тиймээс валютын нөөцийг нэмэх бодлогоо төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд тусгалаа. Мөн ирэх онд банкны салбарт хэд хэдэн хууль эрхзүйн шинэчлэл хийхээр төлөвлөсөн.Тухайлбал, Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан. Удахгүй УИХ-д өргөн барина. Энэ нь банкны салбарыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад томоохон түлхэц үзүүлнэ. Санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулах эрсдлээс сэргийлэх макро бодлого хэрэгжүүлнэ. Саяхан энэ чиглэлээр хоёр томоохон арга хэмжээ авсан. Тухайлбал, Мөнгөний бодлогын хорооноос 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэглээний зээл олгох хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоосныг дурьдаж болох юм” гэлээ.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
 
-Ирэх онд мөнгөний бодлогын хүүг хэдэн хувьд барихаар тооцоолж байна вэ?
 
-Мөнгөний бодлогын хүүг аль ч улс орны төв банк урьдчилан зарладаггүй. Дэлхий нийтэд үүсээд буй санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад орнууд бодлогын хүүгээ өсгөж байгаа. Тухайлбал, энэ онд Аргентин 60 хувь, БНТУ-д 24 хувь, ОХУ 7.7 болгож өсгөсөн. Монголбанк эдийн засгийн өсөлтийг хамгаалах, дэмжих үүднээс бодлогын хүүг тогтвортой хадгалах зорилт тавьж байгаа. Гэхдээ гадаад нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байгааг анхаарах нь зөв. Тухайлбал, энэ сарын 24-нд АНУ-аас 250 сая ам.доллартай тэнцэхүйц БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдууллаа. Цаашдаа 25 хувь болгохоо зарласан. Тиймээс бид гадаад нөхцөл байдалд тохируулан тухай бүрт нь шийдвэр гаргах болно.
 
-Инфляцын түвшинг хэдэн хувьд барих вэ?
 
-Инфляци бол Монголбанкны бодлогын томоохон чиглэл. 2019, 2020 онд инфляцийг 8 хувьд барих, улмаар дунд хугацаанд 6 хувь хүртэл бууруулах бодлого баримтална. 
 
-Валютын ханшийн өсөлтийг хэрхэн тооцож байна вэ?
 
-Энэ оны 1 дүгээр сараас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3.9 хувиар суларсан. Ер нь бол энэ өөрчлөлт дэлхийн бүх улсад гарсан. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ энэ онд хэд хэдэн удаа нэмсэн. Маргааш тус улсын Холбооны нөөцийн банкнаас бодогын хүүгийн асуудлаа хэлэлцэх бөгөөд мөн л нэмэх хандлагатай байгаа талаар бидэнд мэдээлэл ирсэн. Олон улсын судлаачдын зүгээс Холбооны нөөцийн банк 2019 оны төгсгөл гэхэд бодлогын хүүгээ 3.25 хувь хүргэж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлж байгаа. Энэ бүхэн бол том гүрнүүдийн худалдааны дайнтай холбоотой. Тухайлбал, ОХУ худалдааны хориг арга хэмжээнд орсон. БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд мөн өндөр хэмжээний тариф тогтоосон. Энэ бүх үйл явц манай улсын эдийн засагт шууд нөлөөлнө. Тэгэхээр манайд гарч буй өсөлт бол дэлхий нийтийн чиг хандлагаар явж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ төгрөгийн ам.доллараас бусад валюттай харьцах ханш чангарч байгаа. Тухайлбал, ОХУ-ын рубльтэй харьцах ханш 13.2 хувь, БНСУ-ын воны эсрэг 5.5 хувь, БНХАУ-ын юаны эсрэг 1.6 хувиар чангарсан.
 
Гэрэл зургийг Т.Чимгээ
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг