sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Даваа гарагт БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар уулзаж, хоёр талын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон байна.
“Дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт хийгээд хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй” гэж  Си Жиньпин уулзалтын үеэр онцлон тэмдэглэв. Мөн харилцан ойлголцол хийгээд итгэлцэл нь хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх үндэс юм хэмээн тэрбээр нэмж хэлжээ.   
“Манай улс шинэтгэл хийх, гадаад ертөнцөд нээлттэй болох бодлого явуулж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэхүү бодлогын хүрээнд Германы бизнес эрхлэгчдэд ихээхэн боломж бололцоо нээгдсэн билээ” гэж БНХАУ-ын дарга тэмдэглэсэн байна.
БНХАУ-д албан ёсны анхны айлчлал хийж буй Германы Ерөнхийлөгч хэлэхдээ, өнгөрсөн 40 жилийн хугацаанд тус улсад гарсан ололт амжилт түүнийг алмайруулж байна хэмээгээд, ялангуяа олон сая хүнийг ядуурлаас ангижруулсан амжилтыг онцлон тэмдэглэжээ.
Мөн Герман-Хятадын харилцаа хурдацтай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, цаашид харилцан яриа, харилцан ойлголцлыг бэхжүүлж, чөлөөт худалдааг хөгжүүлэх хүсэлтэй байна гэж Ф.Штайнмайер хэлжээ. Түүнчлэн манай улс бүх төрлийн хамгаалах бодлогын эсрэг зогсдог гэж нэмж хэлсэн байна.
Германы Ерөнхийлөгчийн айлчлал энэ сарын 5-10-ны хооронд үргэлжилсэн бөгөөд тэрбээр нийслэл Бээжин хотоос гадна өмнөд нутгийн Гуанжоу болон баруун өмнөд нутгийн Ченду хотод тус тус айлчилжээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг