sonin.mn
КАРАКАС. /ТАСС/. Венесуэлд таван гишүүнтэй гэр бүлд зориулагдсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн нэгдүгээр сард 2018 оны 12 дугаар сартай харьцуулахад 242 хувиар нэмэгджээ.
Мөнгөөр илэрхийлвэл хэрэглээний сагсны өртөг 105 мянган боливар буюу 32 ам.доллароос 360 мянган боливар буюу 111 орчим ам.доллар болтлоо нэмэгдсэн байна. Түүнчлэн цалингийн доод хэмжээ одоогоор 18 мянган боливар байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Венесуэл улс нийгэм, эдийн засгийн хурц хямралыг туулж байгаа юм. Өнгөрсөн сард Венесуэлийн инфляцийн түвшин 2,7 саяд хүрсэн. 2018 оны эцсээр тус улсад үнийн өсөлт бараг 1,7 сая хувьд  хүрсэн юм.
НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар болон Олон улсын шилжилт суурьшлын байгууллагын мэдэгдсэнээр, 3 сая гаруй хүн Венесуэлийг орхин явсан бөгөөд хүмүүнлэгийн хямралтай байгаагаа Венесуэлийн Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг