sonin.mn
АН-ын залуу гишүүд уриалга гарган, мэдээлэл хийв. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Уриалга
 
 
 
Ардчилсан намын өнөөгийн удирдлага нийгэмд өрнөж буй шудрага ёсны төлөөх тэмцлийг санаатайгаар эсэргүүцэж, Монголын ард түмний өмчийг "ХУЛГАЙЛСАН" бүлэглэлийг улайран хамгаалснаар, ард түмний итгэлийг алдаж, намын рейтинг түүхэндээ байгаагүй доод түвшинд хүрлээ.
Намын гишүүд бид 1990 онд зорьж байсан хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийтээрээ сайхан амьдрах шударга нийгмийг цогцлоох итгэл үнэмшилдээ өнөөдрийг хүртэл бат зогссоор байгаа билээ.
 
Харамсалтай нь "МАНАН МАФИ" гэгч нь нам дамнан байршиж, шийдвэр гаргах бүх түвшинд нөлөөгөө тогтоогоод зогсохгүй, хууль шүүхийн байгууллагыг хүртэл хяналтандаа оруулж, хүссэн шийдвэрээ төрөөр гаргуулдаг байсан нь ил тод боллоо.
 
АН болон МАН-ын удирдлагад үүрлээд байсан дээрх "МАНАН-МАФИ”-ийг нийгэм даяараа жигшин эсэргүүцэж, нам харгалзахгүй хамтран тэмцэж буй тэмцэл өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Энэхүү тэмцлийн дүнд МАН нь дээрх бүлэглэлд нэр холбогдсон М.Энхболд тэргүүтэй хүмүүстэйгээ хариуцлага тооцон буулгаж авахыг та бид харсан. Одоо АН дахь "МАНАН МАФИ"-ийн хамсаатнуудтай хариуцлага тооцох цаг нь болсон гэж гишүүд бид үзэж байна.
Ардчилсан намын удирдлага болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, үйлдлээрээ өөрсдийгөө “МАНАН-МАФИ"-ийн хамсаатнууд гэдгээ нотолсон. Тухайлбал тэд "60 тэрбум"-ын гэх схемээр төрийн эрхэнд гарсан бүлэглэлийг хамгаалж, уг схемийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар УИХ дээр нээлттэй сонсгол хийе гэсэн саналыг дэмжээгүй. Мөн дээрх хэргийн гол холбогдогч болох М.Энхболдыг огцруулах асуудлыг удаа дараа хойшлуулах санал гаргаж, завсарлага хүртэл авсан бөгөөд санал хураалтад огцруулахгүй хэмээн санал өгсөн.
Улмаар "МАНАН МАФИ"-ийн захиалгаар Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг луйврын замаар авах үйл явцад оролцож, энэхүү бусармаг үйлдлээ өнөөдрийг хүртэл улайран хамгаалсаар байгааг та бид харж байна.
Түүнчлэн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь УИХ дахь намын бүлгээ бодлого болон удирдпагаар хангаж чадаагүйн дээр "МАНАН МАФИ"-ийнхаа явцуу эрх ашгийг бүлгийн гишүүддээ тулган муйхарласнаар бүлгээ тараахад хүрч, парламент дахь хяналтын тогтолцоог үгүй хийлээ. Ингэснээр манай намын рейтинг "60 тэрбум", "ЖДҮ" зэрэгт холбогдсон МАН-аас доор орлоо. Үүгээр ч зогсохгүй шудрага ёс ярьж, эрүүлээр шүүмжилсэн гишүүдээ намаас хөөдөг болж, Ардчилсан намд нэг хүний дарангуйлал тогтоод байна.
Ардчилсан намын гишүүдээ, Та бидний итгэл үнэмшил, бие сэтгэл, цаг заваа зориулсан намыг маань "МАНАН-МАФИ"-ийн хамсаатнууд эзлэн авч, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг хэрэгсэл болгожээ.
Иймд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож намаа цэвэрлэхийг шудрага гишүүд дэмжигчиддээ УРИАЛЖ байна.