sonin.mn
Батлан хамгаалах дэд сайд Т.Дуламдорж өнөөдөр Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн командлалын штабын орлогч дарга, дэслэгч генерал Т.Онозүкаг хүлээн авч уулзлаа. Дэд сайд Т.Дуламдорж "2012 онд хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын "Харилцан ойлголцох санамж бичиг"-т гарын үсэг зурснаар хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, хамтын ажиллагааны чиглэл өсөн нэмэгдэж байна.
 
Япон улсын БХЯ-наас хэрэгжүүлж буй "Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд бид цэргийн инженер, цэргийн эмнэлэг гэсэн хоёр үндсэн чиглэлийг тодорхойлон, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2014-2016 онд нэгдүгээр шат буюу цэргийн инженерийн чадавхийг нэмэгдүүлж, 2017 оноос хоёрдугаар шат буюу хамтарсан сургалт, дадлагыг эхлүүлээд байна. Япон улсын БХЯ-наас Монгол Улсын цэргийн инженерүүдийн чадавхийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж буйд талархал илэрхийлье" гэв. Тэрээр цааш нь хэлэхдээ хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, энхийг дэмжих ажиллагаанд туршлага судлах зэрэг олон чиглэлээр амжилттай явагдаж байгааг дурьдлаа.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин