sonin.mn

Малайз улс: Нууцаар дүүжилж, шударга бусаар шүүж байгаа нь цаазаар авах ялын “хэрцгий, шударга бус байдал”-ын илрэл юм

 
Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдрөөр Эмнести Интернэшнл олон нийтэд судалгаагаа танилцуулав. Энэ үеэрээ Малайз улс цаазаар авах ялыг бүрэн халах амлалтаа заавал оногдуулах цаазаар авах ялыг халахаас эхлэх ёстой хэмээн өгүүллээ.  Ноцтой гажуудал: Малайз яагаад цаазын ялыг халах ёстой вэ?” нэртэй уг тайланд хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүж, зүй бус харьцдаг, шаардлагатай өмгөөллийн үйлчилгээ авч чаддаггүй, өршөөл үзүүлэх үйл явц тодорхойгүй, шударгаар шүүлгэх эрх зөрчигддөгөөс үүдэн хүмүүс цаазлагдах эрсдэлд байгааг илрүүлжээ. 
 
Малайзын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Шамини Даршни Калиемуту “Малайз улс  хүмүүсийг ялгаварлан, шударга бусаар ял оногдуулдаг байсан олон арван жилийн гинжийг таслах түүхэн үедээ ирлээ. Бид судалгаагаар шударга бусаар шүүдэг, нууцаар дүүжилж байгааг илрүүлсэн. Эрүүдэн шүүж, зүй бус харьцахаас эхлэн өршөөл үзүүлэх хүртэл үйл явц бүрхэг байгаа нь цаазаар авах ял Малайзын эрүүгийн эрх зүйн тогтолцооны хар нүх болохыг харуулж байна"  гэсэн юм. 
Малайз улс цаазаар авах ялыг 33 төрлийн гэмт хэрэгт хэрэглэж байгаагаас 12-т нь заавал цаазаар авах ялыг оногдуулдаг. Сүүлийн жилүүдэд хүн амины гэмт хэрэг болон мансууруулах бодис наймаалсан хэрэгт ихэвчлэн оногдуулжээ. 
 
 
 
Жилийн өмнө шинээр сонгогдсон Малайзын засгийн газар бүх төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг халахаа мэдэгдсэн бөгөөд 2018 оны 7 дугаар сард цаазын ялын гүйцэтгэлд моратори тогтоожээ. Гэтэл энэ оны 10 сараас эхэлсэн шинэ парламентын чуулган дээр засгийн газар цаазаар авах ялыг бүрэн халах биш, зөвхөн 11 гэмт хэрэгт заавал оногдуулах цаазаар авах ял хэрэглэхээ зогсоох тухай хуулийн төсөл өргөн барих гэж байна. Эмнести Интернэшнлээс тус улсын эрх баригчдад хандан цаазаар авах ялыг бүрэн халах амлалтаа хэрэгжүүлэх хүртэл гүйцэтгэлийг үргэлжлүүлэн түдгэлзүүлж, мансууруулах бодис наймаалсан хэрэг болон бусад гэмт хэрэгт заавал оногдуулах цаазаар авах ялыг хүчингүй болгохыг уриаллаа.
 
  2019 оны 2 дугаар сарын байдлаар Малайз улсад цаазаар авах ялтай 1,281 хүн байгаа ба үүний 568 (44%) нь гадаадын иргэд бөгөөд тэд шаардлагатай консулын тусламж үйлчилгээ авч чадахгүй, орчуулагчаар хангагдахгүй байх зэрэг ноцтой бэрхшээлтэй тулгарч байна.  Цаазаар авах ялтай хүмүүсийн дийлэнх нь ялгаварлагдсан, Малайзын үндэсний цөөнхийн төлөөлөл байна. Мансууруулах бодистой холбоотой хэрэгт заавал оногдуулах цаазаар авах ялыг хэрэглэж байгаа  нь  ийм хэрэгт холбогдсон 10 эмэгтэй тутмын ес нь энэ ялаар шийтгүүлэхэд хүргээд байна. Эрх зүйн туслалцаа хүртээмжгүйн улмаас хэрэгт холбогдсон хүмүүс урт хугацаанд ихэвчлэн шүүх хурал хүртэл өмгөөллийн тусламж авч чадахгүй байх нь элбэг болохыг хэрэгтний өмгөөлөгч, гэр бүлийнхэн Эмнести Интернэшнлд өгүүлсэн.   
 
Цаазаар авах ялтай хэрэгт сэжиглэгдэгсдийг 14 хоног хүртэл саатуулдаг ба “хэргээ хүлээсэн” гэх мэдүүлэг авахын тулд зодох нь энгийн үзэгдэл болсон гэж судалгааны үеэр ярилцлагад хамрагдсан хүмүүс өгүүлсэн байна. Малайзын ТББ-ууд энэ байдлыг зогсоохыг шаардсаар байгаа ч өнөөг хүртэл үргэлжилсээр байна. НҮБ-ын ажлын хэсгийн 2011 оны мөрдөн шалгалтаар “бараг бүх хоригдол” байцаалтын үеэр эрүү шүүлт, зүй бус харьцаанд өртөж байгааг илрүүлжээ. 
   Малайзийн засгийн газар яагаад энэ хэрцгий, хүнлэг бус ял шийтгэлийг хойшлуулалгүйгээр халах ёстой болохыг Эмнести Интернэшнлийн судалгаа батлан харууллаа. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг +66 (0) 94 132 2870 утсаар эсвэл  elliott.fox@amnesty.org цахим хаягаар холбогдож авна уу.