sonin.mn
Орос улс эрчим хүчний бизнесээ дорно зүг рүү чиглүүлэн өөрчилж байна. Байгалийн хийн хамгийн том экспортлогч болох тус улс Сибириэс Хятадын хилийн чиглэлд асар том хийн хоолой барьжээ. Энэ нь Хятадын эрчим хүчний хэмжээлшгүй их хэрэглээг хангах зорилготой юм. “Сибирийн хүч” гэдэг нэртэй уг хий дамжуулах хоолой нь Европын хийн зах зээлүүдээс хамаарах хамаарлыг багасгах, эрчимтэй тэлж буй Азийн зах зээлд нэвтрэх зорилго бүхий Ерөнхийлөгч В.Путиний санаачилсан төслийн нэг хэсэг билээ. Эрчим хүчний үйлдвэрлэл нь дотоодын хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа Хятад улсын хувьд шинэ хоолой нь нийлүүлэлтийн чухал эх үүсвэр болно. 
 
1. “Сибирийн хүч” гэж юу вэ?
 
Оросын эрчим хүчний “Газпром” компанийн байгуулсан энэхүү 3000 км урт хий дамжуулах хоолой нь Сибирийн нутгийн хамгийн хүйтэн бүсэд орших Чаяндин ба Ковыктины ордуудаас Хятадтай залгаа хил дээр орших Оросын Благовещенск хотод хүрнэ. Ингэснээр Хятадын дотоодын хий дамжуулах хоолой “Сибирийн хүч”-тэй холбогдож, улмаар өмнө зүгт Шанхай хот хүртэлх 3370 км зайд хий дамжуулах юм. “Сибирийн хүч”-ийн Оросын нутаг дахь хэсгийг “Газпром” компани хариуцах ажээ. Тус компани 30 жилийн хугацаанд жил бүр 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум долларын үнийн дүн бүхий гэрээг 2014 онд Хятадын Үндэсний нефть-хийн корпорацитай байгуулсан байна. Энэ бол “Газпром”-ын хувьд түүхэн дэх хамгийн том гэрээ юм. 
 
 
2. Өнөөдөр хийн хоолой ямар байдалтай байна вэ? 
 
10 дугаар сард уг хоолойгоор хий шахсан бол түүнийг албан ёсоор нээх ёслолын ажиллагаа 12 дугаар сарын эхээр болох гэж байна. Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар теле гүүр нэвтрүүлэгт оролцох үеэрээ хийн хоолойг нээх аж. “Газпром” компани эхэн үедээ өдөрт 10 сая шоо метр хий нийлүүлэх бөгөөд “Сибирийн хүч” хоолой 2025 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм. Цаашдаа Оросын тал уг хоолойг баруун зүгт өргөжүүлэн барьж магадгүй байгаа бөгөөд ингэснээр  Сибирийн хийг хоёр чиглэлд нийлүүлэх боломжтой болно.
 
3. “Сибирийн хүч” Оросын хувьд яагаад чухал вэ?
 
“Сибирийн хүч” бол Европтой харилцаа муудсан тохиолдолд ашиглах нөөц хэрэгсэл юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Орос улс хийнийхээ ихэнхийг Украины хоолойгоор дамжуулан Барууны орнуудад нийлүүлсээр ирсэн. Түүнээс гадна Ямалийн хойг ба Сахалин аралд олборлож буй шингэрүүлсэн хийгээ оросууд танкераар тээвэрлэн экспортолдог. Орос, Украин хоёр хийг дамжин өнгөрүүлэхтэй холбоотой асуудлаар олон жилийн турш маргалдаж байгаа юм. Оросууд өвөл ид дундаа орсон үед хоёр ч удаа нийлүүлэлтээ зогсоож байв. Түүнээс гадна, Орос улс 2014 онд Крымыг эзлэн авсны дараа Орос-Европын улс төрийн харилцаа хурцдаж, АНУ, Европ хоёр Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ.
Дашрамд дурдахад, Алс Дорнодод байгалийн хийн хөндөгдөөгүй их хэмжээний нөөц байгаа бөгөөд уг нөөц нь Европтой харьцуулахад Хятадад илүү ойрхон юм. 
 
4. “Сибирийн хүч” Хятадад яагаад хэрэгтэй вэ?
 
Хятад улс бол эрчим хүчний эх үүсвэрүүдийн хамгийн том хэрэглэгч, хамгийн том импортлогч юм. Оросын хий нь Хятадын ордуудаас олборлож буй хийнд нэмэлт эх үүсвэр болохоос гадна танкераар тээвэрлэж буй хийнээс хямд ажээ. Одоо талууд Хятадын зүүн эргийн аж үйлдвэрийн районуудыг хийгээр хангах “Сибирийн хүч-2” гэдэг салбарласан хоолойг барих асуудлаар хэлэлцээ хийж байна. Хятад улс Узбекистан, Казахстанаар дамждаг “Туркменистан-Хятад” хоолойгоор хий авдаг. Хийн эрэлт хэрэгцээ Хятадад асар хурдацтайгаар өсч байгаа учраас шинээр хоолойнууд тавьж, шингэрүүлсэн шатдаг хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага бий болно гэж Путин үзэж байна. Оросын “Газпром” болон Ямалийн хойг дахь Карын тэнгист шингэрүүлсэн хий үйлдвэрлэж буй “Новатэк” компани дээрх боломжийг ашиглахаар төлөвлөж байна.  
 
 
 Туркменистан-Хятад хийн хоолой 
 
5. Одоогоор Хятад улс хаанаас хий авч байгаа вэ?
 
Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын хийн хэрэглээ олон дахин өсчээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлэлд дурдсанаар, зөвхөн сүүлийн хоёр жилд гэхэд хэрэглээ 33 хувиар нэмэгдсэн байна. Хятад улс 2018 оны байдлаар нийт хэрэглээнийхээ 43 хувийг импортоор хийгээр хангажээ. Үүний 20 орчим хувийг “Туркменистан-Хятад” хоолойгоор авсан бол үлдсэн хэсэг нь Австрали, Катар, Малайз, Индонезээс танкераар зөөвөрлөж буй шингэрүүлсэн хий юм. Агаарын бохирдлыг багасгах, нүүрсхүчлийн хаягдлыг бууруулахын тулд Хятадын засгийн газар олон сая айл өрх, үйлдвэрийн газруудыг нүүрснээс хийн түлшинд шилжүүлснээр эрэлт өссөн байна.
 
6. “Сибирийн хүч” ашиглалтанд орсон нь Европт хэрхэн нөлөөлөх вэ?
 
“Сибирийн хүч”-ийг ашиглалтанд оруулснаар Европын орнуудтай хийж буй хий нийлүүлэх асуудлаарх хэлэлцээний явцад Оросын тал байр сууриа бэхжүүлж чадна. Орос улс дорно зүг рүү хий нийлүүлэх боломжтой болсноор барууны орнууд хий худалдан авахын тулд өмнөхөөс илүү үнэ төлөхөд хүрч магадгүй юм. Үүний сацуу “Газпром” компани Балтийн тэнгисийн доогуур “Умардын урсгал-2” гэдэг хийн хоолойг шинээр нээж байгаа бөгөөд ингэснээр умард чиглэлийн нэвтрүүлэх хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ. Үүний дүнд байдал түгшүүртэй болсон үед Украинаас огт шалтгаалахгүйгээр, тус улсыг тойруулан хийгээ нийлүүлэх боломж Орост бий болно.
 
 
7. Хийн үнийг хэрхэн тогтоох вэ?
 
Путиний ярьснаар бол, “Сибирийн хүч”-ээр дамжих хийн үнийг нефтийн үнэтэй уялдуулан тогтоох аж. Үнэ тогтоох ийм аргыг Европын худалдан авагчид хэрэглэдэг. Оросын албан тушаалтнуудын ярьж байгаагаар, 1000 шоо.м хийг 360 доллароор худалдахаар суурь үнийг тогтоожээ. Энэ нь “Газпром” компанийн Германтай байгуулсан хэлцлийн үнэд дөхөж байгаа юм. Харин PetroChina компанийн удирдлагын баталж байгаагаар, “Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлэх хийн үнэ нь Төв Азиас нийлүүлж буй хийн үнэтэй өрсөлдөхүйц байх ажээ.
 
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: Монцамэ агентлаг