sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.
Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. 
 
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэлээ. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэж хоёр тал Санамж бичиг байгууллаа. 
 
 
Хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд одооноос эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлаа эхлэх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.