sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд шийдвэр гаргалаа. Өчигдөр мэдэгдэл хийж, долоон төрлийн арга хэмжээ авахаа зарлажээ. Энэ шийдвэрийг хүмүүс янз бүрээр хүлээн авч байгааг цахим сүлжээнд солилцсон тайлбаруудаас бэлээхэн харж байна. Гэхдээ олонх нь сайшаажээ. Ажил хэрэг болж хэрэгжээсэй гэж ихэнх нь хүсч ерөөсөн байна билээ. Монгол улсын хэмжээнд болоод олон улсын хүрээнд цар тахлын аюул занал бодитой оршин, улмаар тэлж байгаа байдлыг харгалзан үзээд улс орны төр засгийн тэргүүнүүд ийм арга хэмжээ авах нь зүйн хэрэг. Авах ч ёстой.
 
Ерөнхий сайдын дэвшүүлсэн зорилт, амласан амлалт, авах арга хэмжээ нь бүгд л мөнгө төгрөгөөр хэмжигдэж байгаа. Алхаа гишгээ бүхнийг мөнгөөр хэмжиж байгаа энэ цагт эмч, эмнэлгийн ажилтнуудын үүрэг ихээхэн нэмэгдсэн нь ойлгомжтой.
 
 
Хэт өндөр цалинтай шүүгч биш цалингаа чамладаггүй эмч, цагдаа нар л тэрхүү аюултай чинь нүүр тулан учирч байгаа. Тэдний ажлыг микрофоны араас масктайгаа ярьдаг дарга нарынхтай зүйрлэх ч хэрэггүй. Хүндийн жинг нь аварга бөхчүүд ч даахгүй. Хариуцлагынх нь тунг Улсын Их Хурал нь Засгийн газартайгаа ч нийлээд тааруулж чадахгүй. Энэ хүнд албанд эмч нар зүтгэж байна. Эмч гэдэг ганц үгэнд энэ удаа миний бие эмчээс гадна эмнэлгийн ажилтан, цагдаагийн шат шатны ажилтнууд болон тэдгээрт сайн дураар тусалж байгаа иргэдээ хамааруулж байгааг ойлгоорой.
 
Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр болж байгаа долоон арга хэмжээнд эмч нар багтав уу? 
Эмч нарын цалин хангамжийн асуудлыг хөндөн тавьж шийдвэрлэх хамгийн эгзэгтэй цаг мөч нь энэ л байлаа.
 
Харагдаж байгаагаас маск, бээлийний асуудал байна. Харагдахгүй байгаагаас цалин, ажлын цагаас илүү ажиллаж байгаа нөхцөлд нэмэгдэл цалин болон хоол унд, бусад хангамж, ар гэрийн нөхцөл байдлын тэтгэлэг,  тэдэнд хандсан урамшуулал хэрэгтэй байгаа билээ. Дайны явц дунд цэргүүдээ шагнаж байсан түүх бий. Тэгвэл, яг түүний нэгэн адил нойр хоолоо хасан зүтгэж яваа эмч нарт хөдөлмөрийн талбар дээр нь урамшуулал олгож болно шүү дээ. Эмч нарын цалин хангамжийг шийдвэртэйхэн шиг нэмэх цаг шүү.
Улс орны эдийн засгийн хөгжлийг өргөн цараатай харж байгаа Ерөнхий сайдын хувьд энэ бүхэн алган дээр нь багтаж байгаа байх гэж санаад зорьсон төлөвлөсөн ажилдаа сэлэм далайлгүй ханцуй шамлан орохыг хүсч байна.
 
Я.Баатар