sonin.mn
Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Сайдын асуудлыг Ерөнхий сайд оруулж ирэх ёстой. Мөн өчигдөр төсвийн хориг хэлэлцэж байхад Сангийн сайд ч тэр, Ерөнхий сайд ч байхгүй байлаа. Төсвийн асуудал ярьж байхад УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа, УИХ-д оруулж ирж байгаа нөхөр нь түүнийгээ яриад тайлбарлах ёстой л доо. Ерөнхий сайд ирэхгүй байна гэдэг чинь ерөөсөө төрийг бужигнуулъя, хүчгүйдүүлье, парламентын эрх мэдлийг байхгүй болгоё гэсэн хууль бус үйлдэл рүүгээ улайрчихсан юм биш үү?
Ер нь Ерөнхий сайд орж ирэхгүй бол Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ямар шалтгаантай, яагаад энэ асуудалд орж ирэхгүй байгааг нь яримаар байна. Энд танай намын, бүлгийн хурал болоогүй, энд Монгол төрийн парламентын хурал болж байна. Тиймээс парламентыг битгий доромжлоод бай гэж хэлмээр байна.
 
Ерөнхий сайдыг хурдан оруулж ир гэсэн горимын санал хураая. Хэрэв буруу гэвэл би уучлалт гуйя. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга, Ерөнхийлөгчийн баруун гараас уучлалт гуйя" гэв.
Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга  Д.Эрдэнэбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг УИХ-ын чуулганд оролцох хүртэл сайдын томилгоог хэлэлцэхийг хойшлуулах санал гаргаж, Хууль зүйн байнгын хороог хуралдаж дуустал чуулган түр завсарлуулахаар болсон юм.
Харин энэ тухай Шадар сайд Ө.Энхтүвшин: "Ерөнхий сайд зугтаад ирэхгүй байгаа юм биш. Нуруунд нь жижигхэн гэмтэл гарсан. Тийм байж болно биз дээ. Тэрийг заавал далимдуулаад байх хэрэггүй. Төрийн ажил явдгаараа явна" гэсэн тайлбар өгөв.
 
Э.Мягмар