sonin.mn
УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн Газрын гишүүд, сайд нар болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд ХХААХҮЯ-ий харьяа ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нь тодорхой болоод буй билээ.
Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг УИХ огцруулж, Улсын Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нар албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдээд байна. Мөн ХХААХҮЯ-ий харьяа ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн удирдлагуудыг баривчилж, ажилчдыг нь ч шалгаж буй.
 
Харин уг зээлийг авсан нь тогтоогдсон УИХ-ын гишүүд, сайд нар, МАН-ын ЕНБДаргад ямар хариуцлага тооцох нь одоо ч тодорхой бус байгаа бөгөөд Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ямар нэг тодорхой алхам хийгээгүй л байна.
 
Тэгвэл бас нэгэн хачирхалтай баримтыг бид дэлгэж байна. Монгол Улсын Ерөнхий Сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ч нэгэн компанид зээл олгохыг хүссэн албан тоотыг ХХААХҮ-ийн Сайд асан Б.Батзоригт илгээж байжээ. Ингэхдээ тэрээр Ерөнхий Сайдынхаа нэрийг барьж, уг төслийг дэмжих чиглэл өгсөн гэж тайлбарласан байна. Уг зээл олгогдсон эсэхээс үл хамаарч энэ үйлдэл нь хууль бус бөгөөд Ерөнхий сайдын зөвлөх ийм албан тоот явуулах эрхгүй байдаг аж.
 
П.Мандах