sonin.mn
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Казахстан улсын Астана хотод ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Казахстан улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиевтай уулзалт хийж, хоёр орны биеийн тамир, спортын хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон байна.
 
Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц түүхийн нийтлэг өв уламжлалтай, найрсаг харилцаа бүхий хоёр орны биеийн тамир, спортын газрын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлээд спортын салбарт, хамтран ажиллах ихээхэи боломж байгааг онцолсон байна. Тэрбээр Казахстан улсын тамирчид өвлийн спортын төрлөөр амжилт гаргаж байгааг дурдаж, тус улсад өвлийн спортын төрлөөр хоёр орны баг тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилт хийх талд дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлж, Казахстан улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга С.Сапиевыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьжээ. Уулзалтын дараа Монгол, Казахстаны Биеийн тамир, спортын газар хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурсан байна.
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин