Жил  бүрийн тавдугаар сарын гурав дахь бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгож 30 мянга гаруй хүн оролцсон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнд багийнхантайгаа оролцсон  олон улсын “Ахиллис Монгол” байгууллагыг үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн багш О.Саранчулуунтай ярилцсан юм.
 
Баруун гар талаас “Ахиллис Монгол” байгууллагыг үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн багш О.Саранчулуун.
 
-“Улаанбаатар марафон -2019” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцсон гэсэн. Хэдэн километрийн гүйлтэд оролцсон бэ?
 
-Би 10 км-ийн гүйлтийн тэмцээнд гүйж, 1:48 цагт барианд орж ирсэн. Энэ тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жил анх удаа оролцохдоо таван км-т гүйж байсан.
 
-Энэ тэмцээнд багаараа оролцсон гэсэн. Хэдүүлээ оролцов?
 
– Манай багт нийт 24 хүн гүйсний 13 нь хөтөч тамирчин. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хөтөл шаардлагатай иргэдийг тэмцээний үеэр хөтөлж оролцсон. Тэмцээний үеэр тухайн оролцож байгаа  тамирчныхаа хөгжлийн бэрхшээлээс шалтгаалаад 1-2 хүн хөтөлж оролцдог юм.
 
-Хэдэн километрт гүйсэн бэ?
 
-Манай багийн тамирчид 10, 21, 42 км-ийн зайд гүйсэн. Тухайлбал, анх удаа марафонд оролцсон хараагүй тамирчин  Б.Бат-Эрдэнэ 21 км  замыг 2:24 цагт туулсан. 42 км-ийн гүйлтэд спортын мастер, хөгжлийн бэрхшээлтэй Б.Батзориг 3:09 цагт барианд орж ирсэн амжилттайгаар зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа марафонд оролцлоо. Түүнээс гадна нэг хөтөч тамирчин бие дааж тусдаа гүйсэн.
 
 -Энэ төрлийн тэмцээнд багаараа оролцсноор “Би чадна” гэсэн итгэлийг өгөхөөс эхлээд олон давуу талтай байх?
 
-Бидний тэмцээнд оролцож байгаа зорилго бол яг спортын карьер биш л дээ. Тухайлбал, намайг барианд ороход хүмүүс хэддүгээр байранд оров гэж асуудаг. Харин бидний гол зорилго бол сэтгэлгээний өөрчлөлт буюу би үүнийг хийж  чадна гэсэн ойлголтыг авсан байхад тэр хүн ямар хөгжлийн бэрхшээлтэй байх нь хамаагүй. Үүнийг ойлгосон байхад зорьсон зорилго, амьдралынхаа төлөө явдаг. Энэ ойлголтыг бий болгохын тулд бид “Ахиллисс Монгол” клубээрээ долоо хоногийн бямба гаригт гүйж, олон улсын марафонд оролцдог. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд энэ ойлголтыг өгөхийн тулд үйл ажиллагаагаа явуулдаг.
 
-Танай багаас гүйлтээр удаан хичээллэж байгаа тамирчин байгаа юу?
 
-Бий. Хараагүй параолимпийн болон гавьяат тамирчин, ОУХМ, Ази тивийн хошой, дэлхийн аварга мөнгөн медальт, олон улсын мара­фон тэмцээнд улсаа төлөөлж оролцсон Ж.Лхагважав гэж бий.
 
-“Улаанбаатар марафон” жил ирэх тусам хүрээгээ тэлж байна. Энэ тэмцээн танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
 
-Монголчууд тэмцээнд түрүүлсэн хүнийг амжилттай оролцсон гэж ойлгодог. Гэхдээ энэ нь бага багаар өөрчлөгдөж байна. Аливаа спортод түрүүлэхдээ биш  бэлтгэлээ сайн хийхдээ байдаг. Тиймээс бид амжилтын талаар ярихдаа хэдэн цаг гүйж, хэдэн сар гүйсэн бэ. Түүнээс гадна бид ажил, амьдралынхаа зав чөлөөгөөр спортыг амьдралдаа оруулж ирэхийн тулд долоо хоногийн  гурван өдөр бэлтгэлээ хийдэг. Тухайлбал, Би АШУҮСИ-д багшилдаг. Гэхдээ өөртөө зав гаргаад гүйдэг. Ингэснээр бид хоорондоо нэгдэж, нэгэндээ тусалж дэмждэг. Энэ бол  спортын бидэнд өгч байгаа том амжилт юм.
 
-“Ахиллис Монгол” олон улсын байгууллагынхаа зүгээс ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?
 
-Бид байгууллагынхаа зүгээс жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд марафон зохион байгуулдаг. Дунджаар 2000 гаруй хүн оролцдог.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин