sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хурдан морины шүдлэнгийн уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат уяач Д.Ганзоригийн хар үрээ түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүллээ.
Аман хүзүүнд, Төв аймгийн Баян сумын харъяат уяач Б.Нямжавын хар үрээ, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдан сумын харъяат Г. Баттулгын зээрд халзан үрээ, айргийн дөрөвт улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар үрээ, айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач н.Амгаланбаатарын хээр үрээ барианы зурхайд орлоо. 
Үндэсний их баяр наадмын хурдан морины шүдлэнгийн уралдаанд 350 хурдан үрээ бүртгүүлснээс 236 нь гарааны зурхайгаас эргэсэн. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, уяач П.Батсайхны бор, Говь Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Жавхлантөгсийн цоохор, зээрд халзан, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, уяач Б.Сүххуягийн хээр, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, алдарт уяач Х.Бадамсүрэнгийн Дөлгөөн хээр,  Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, уяач Т.Мөнхбаярын хээр, Ховд аймгийн уугуул, аймгийн Алдарт уяач З.Мэндсайхны хонгор зэрэг улс бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүд бүртгүүлсэн юм.
 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг