sonin.mn

Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадам энэ сарын 18-27-нд БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод болно. Уг наадамд БХЯ-ны “Алдар” спорт хорооны бокс, буудлага, байт харваа, чөлөөт бөх, жүдо, хөнгөн атлетик, марафон зэрэг спортын төрлөөр өрсөлдөх 80 гаруй тамирчин, дасгалжуулагчийн баг хурд, хүч, ур чадвараа сорихоор болжээ. Чөлөөт бөхийн төрөлд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсаас армид данстай эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин, боксын төрөлд гавьяат дасгалжуулагч А.Гантулга, дасгалжуулагч Ж.Отгонбаяр тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин уг наадамд хүч үзэхээр урд хөршийг зорилоо. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болор-Эрдэнэ, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 68 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар зодоглоно. Цэргийн спортын наадамд чөлөөт бөхийн төрөлд олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Б.Раднаа ажиллахаар болсон юм. 

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин