sonin.mn
Монгол Улсын Гавьяат тамирчин Т.ҮЙТҮМЭН:
 
-Би цэргийнхэнтэйгээ адилхан мөрдэстөн. Учир нь "Хүч" нийгэмлэгийн тамирчин байхдаа цагдаагийн байгууллагад бас ажиллаж байлаа. Ер нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид маань эх орон, төр, ард түмэндээ тангараг өргөн, улс орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирснийг ард түмэн мэднэ дээ.
 
 
 
Цэрэг, цагдаа гээд хэнийг нь ч харсан сэтгэл хөөрчихдөг хүн л дээ би. Эгэл биш хүмүүс шүү дээ. Дүрэлзсэн их гал руу үсрээд орж чадах л хүмүүс. Сэтгэл зүйн хувьд тийм өндөр хэмжээнд бэлтгэгдсэн гэхээр тэднийгээ хайрлаж, хүндэлж явах учиртай.
 
 
 
Мөн тэсвэр тэвчээр, бие бялдрын хөгжил, шийдэмгий байдал, үүрэг, хариуцлага, сахилга, зохион байгуулалт гэж юу вэ гэдгийг тод томруунаар харуулж байгаа энхийг сахиулагчдаараа бахархахгүй байхын аргагүй. Хүлээсэн үүргээрээ цэрэг, тамирчин хоёр ижил юм шиг ээ. Тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг бататгах гэж цэргүүд буугаа үүрдэг бол тамирчид эх орныхоо нэр хүндийг өргөхийн төлөө дэвжээнд гардаг. Ариун дагшин газар шороо, торгон хилийг минь халдашгүй дархан байлгах гэж, хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ цаг ямагт нэр төртэйгөөр биелүүлж ирсэн үе үеийн цэргийн алба хаагчдадаа талархаад баршгүй.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин