sonin.mn
Бөхийн хорхойтон Д.Жамбалсүрэнтэй бэсрэгхэн хөөрөлдлөө.
 
-Энэ жилийн эхнээс дэлхийг айлгаж байгаа коронавирусын улмаас олон нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг бүрэн хориглоод байна. Тэр дотор үндэсний бөхийн барилдаан бололгүй удлаа. Бөх сонирхогчид уйдангүй байгаа байх даа?
 
-Уйдлаа гээд яахав дээ. Нэгэнт л аюултай халдварт өвчний улмаас улс орон даяар онцгой байдал зарлагдаж уралдаан тэмцээн, урлаг соёлын нийтийг хамарсан арга хэмжээг бүрэн хориглосон. Иймээс бөх сонирхогчид бид бөхчүүдээ зөвхөн сэтгэлдээ барилдуулж зугаа болгож суух юм даа.
 
-Сэтгэлдээ барилдуулна гэнээ. Тэгвэл таны сэтгэл доторх Цагаан сарын барилдаанд хэн түрүүлсэн бэ?
 
-Миний насныхан Цагаан сарын барилдаан цуцлагдахыг анх үзлээ л дээ. Цар хүрээгээрээ улсын наадмын дараа ордог энэ барилдаан ард олны хаврын том цэнгэл байдаг. Цол олгодоггүй учир жинхэнэ шударга барилдаан болдог юм. Бас сар шинээр бөхчүүдийн өнгө харагддаг гэдэг. Бөхчүүд ч төрт ёсоо бодож өргөн хамрагддаг. Яахав миний хувьд барилдаан бүхнийг үздэг болохоор сар шинийн барилдаан болсон бол тийм бөх шөвгөрөх байсан гэж таамаглана. Улсын аварга Н.Батсуурь, улсын харцага О.Хангай хоёрын нэг л түрүүлэх байсан гэж бодсон. Улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага Д.Анар, улсын начин Ч.Хөхчирэнгэр болон Ч.Санжаадамба аварга нарын хоёр нь дөрөвт зогсож байх болов уу. Харин улсын наадам бол огг өөр. Унаа холтойгоороо аварга С.Мөнхбат, арслан Р.Пүрэвдагва нарыг дөрөвт үлдэхийг үгүйсгэх аргагүй. Бас П.Бүрэнтөгс арслан гурав, дөрвийн даваанд  уначихгүй бол дээгүүр үзэж мэднэ.
 
-Та улсын харцага Б.Бат-Өлзийг хаана “унагачихав” аа?
 
 
-Тэр зургаагийн даваа хавьд О.Хангайтай тунаж “унасан” гэж хэлнэ. Ер нь түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх миний бодлоор Н.Батсуурь аварга байсан. Бас улсын шигшээ багийн тамирчин, Завхан аймгийн харцага М.Лхагвагэрэлийг тун дээгүүр барилдах болов уу гэж бодож байсан. Аймгийн цолтнууд сар шинийн барилдаанд цахиур хагалж гарч ирдэг уламжлал бий шүү дээ.
 
 
-Өөрөө сэтгэлдээ хийсэн барилдааныхаа тухай ярьлаа. Гэхдээ арван хэдэн жилийн өмнөх шиг Б.Бат-Эрдэнэ аварга зодоглосон бол түрүүлдэг байсан цаг өөр болсон?
 
-Тийм дээ. Би 20 гаруй жил бөх үзлээ. Бөхтэй холбоотой сонин хэвлэлийн хайчилбар, бөхийн зураг цуглуулдаг. Тэр бүхнээ үзэж байхад барилдаанууд огт өөр өөр болдог болж. Тиймээс барилдаан бүрийг алгасаж боломгүй л санагддаг юм.
 
-Улсын заан Б.Пүрэвсайханы эрх сар шинийн өмнөхөн сэргээгдсэн. Тэр таны дотоод “барилдаан”-д хэр барилдсан бол?
 
-Орхигдоогүй л дээ. Гэхдээ бүтэн хоёр жил зодоглоогүй хүн цолондоо хүрч барилдахад цаг хугацаа орно. Наадмын наана болдог барилдаанууд хэрэв болсонсон бол гурван сарын дараа заан ямар ч амжилт үзүүлж магад. Улсын начин Э.Даш байна. Бас л заал танхимын барилдаанд хэд хэд түрүүлж байсан хүн. Эрхээ мөн л хасуулж саяхнаас барилдсан. Уг нь цолоо ахиулах бөх дөө.
 
-Өнгөрсөн оны түрүү бөх Э.Оюунболдын тухай асуудал шийдэгдэхгүй дэндүү удлаа. Энэ талаар бөх сонирхогч таны бодол...?
 
-Алив юманд улс төр саад болох юм. Түүнийг допинг хэрэглэсэн гэдэг. Гэтэл тэр нэг хэсэг хүнийг буруутан гэж шүүхэд өгсөн. Тэгээд л таг. Уг нь бөхийн хүрээнд допингийн хэргийг будилуулдаг хүмүүс байсан байж болно. Гэхдээ Э.Оюунболдынхыг будилуулсан гэж хэн батлах юм. Аль аль нь тусдаа асуудал баймаар. Тэгээд үүнийг даруй шийдэхгүй юм бол Монгол үндэсний бөхөд допинг энээ тэрээ гэхийг больвол таарна. Зөвхөн Э.Оюунболдын биш олон бөхийн эрх ашиг хөндөгдөөд байгаа шүү дээ. Даян аварга болох бөх ч бий. Заан болох магадгүй хүн ч бас байх.
 
-Монголын үндэсний бөхийн холбооны маргаан бас эцэс болоогүй л юм шиг.
 
-Тийм болоод л ярвигтай асуудал шийдэгддэггүй ч юм уу. Хэн мэдлээ.
 
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин