sonin.mn

Хүмүүс сүүлийн үед телевиз, радио, сонин хэвлэлээс илүүтэй интэрнэтээс мэдээлэл их авах болж. Харамсалтай нь тэр мэдээлэлүүд үнэн бодит байхаасаа илүү бусдыг дайрч доромжилсон, хэн нэгний амжилт ололтыг үгүйсгэсэн байх нь элбэг.

 

Саяхан нэг барилдаан дээр у.н Р.Пүрэвдагва зохисгүй авир гаргасны улмаас цагдаа шалгаж байгаа, тэр барилдааны дараа болсон хүлээн авалт дээр Ерөнхийлөгч МҮБХ-ны удирдлагыг зэмлэсэн зэргээр “Facebook’’-ийн монгол бөх группийн нөхөд баахан л зүйл бичиж. Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангаас тодрууллаа.



-Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн бөхийн барилдааны үеэр улсын начин Пүрэвдагва зохисгүй авир гаргаж цагдаа эрүү үүсгэн шалгаж байгаа тухай яриа байна. Мөн барилдааны дараа ерөнхийлөгч таныг загнасан гэж “Facebook’’-д бичсэн байна?

Д.Д. Р.Пүрэвдагва начин Б.Пүрэвсайхан начинд унаад босч ирмэгцээ цаашаа хараад дэвж явахад нь толгой руу нь дэлссэн явдал гарсан. Энэ бол байж боломгүй зүйл. МҮБХ бөхчүүдийн ногоон дэвжээн дээрээ гаргасан ёс бус үйлдэлд хариуцлага хүлээлгэдэг дүрмийн заалттай. Удахгүй тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэнэ. Цагдаагийн байгууллага олон нийтийн газар танхайрсан гэдэг үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байгаа нь үнэн.

 

Манай нарийн бичгийн дарга Б.Цогтбаатараас болсон явдлын тухай мэдүүлэг авсан байна лээ. Дашрамд хэлэхэд зарим бөх хүн хэлэх, сонсохын аргагүй орос хараал, цус нөжтэй монгол хараал хэрэглэх нь ажиглагдаж байна. Энэ талаар ч бөхчүүдэд сануулга өгнө. Олны хайр хүлээсэн бөх хүн ийм ёс зүйгүй, бүдүүлэг, танхай байж таарахгүй.

 


Хоёр дахь асуудлын тухайд ерөнхийлөгч харин ч “Манай бөхийн холбоо олон сайхан ажил хийж, сайн ажиллаж байгаа. Хүмүүсийн шүүмжлэлийг хүлээж аваад улам сайн ажиллаарай, ахмад сайхан бөхчүүдээсээ тодорхойлбол шагнаж болох юм” гэж надад хүмүүсийн нүүрэн дээр хэлсэн юм шүү. УИХ-ын гишүүн Х.Баттулга надаас зарим зүйлийг асууж тодруулсан, тэгэхдээ зарим зүйлд, тухайлбал монгол туургатны барилдааныг бөхийн өргөөнд зохиогоогүйд дургүй байгаагаа илэрхийлсэн.

 

Үүний учрыг би тодруулж хэлсэн. Одоо бас уншигчиддаа зориулаад хэлье. Анх 2009 онд Хятад улсын ӨМӨЗО-ны Журамт гэдэг хүн манайтай хамтарч том шагналтай барилдаан хийх санал тавьж байна гэж хэдэн хүн ирж бидэнтэй уулзсан юм. Бид дэмжээд хэрхэн барилдаанаа сайхан болгох талаар хамаг санаа оноогоо төлөөний хүмүүст нь хэлээд явуултал удалгүй зөвхөн нэг удаагийн барилдаан биш, бүр “Дэлхийн Монголчуудын үндэсний бөхийн холбоо” гэдэг ТББ байгуулсан байсан.

 

Бид үүнийг мэдээгүй. Тэр холбооны удирдлагад манай идэр залуу аваргууд орсон байсан. Энэ холбооны бодлого манайхаас өөр, барилдааны журам нь монгол бөхийн хоёр ч дархлааг хөндсөн, өөрөөр хэлбэл жинтэй, сугалаагаар барилддаг байсан тул уг холбоонд бид ороогүй нь зөв болжээ гэж үзсэн. Харин ч манай аваргууд удирдлагад нь байгаа болохоор цааш нь аятайхан аваад явчихна гэж ойлгосон хэрэг.

 

Хэрэв бид орсон бол Сумъяабазар маань “Нямдорж юм болгонд орлоо, бид л хийнэ" гээд сууж байх янзтай юм аа даа. Энэ жилийн барилдааны тухайд 10 сарын 13, 14-нд МБӨ-нд барилдаанаа зохион байгуулах тухай Үндэс гэдэг өвөрмонгол хүний гарын үсэгтэй бичиг ирсэн. Тэр хоёр өдөр нь буюу 13-нд сумын цолтон залуу бөхчүүдийн бөрилдаан, 14-нд нь Баянзүрх хайрханы хишиг барилдаантай байсан тул боломжгүй байсан.

 

Бид чөлөөтэй байгаа өдрөө санал болгосон. Гэтэл хэзээ барилдаанаа хийх нь тодорхойгүй хэсэг чимээгүй байснаа барилдаанаа хийсэн. Уг нь тэр өдөр нь манай чөлөөтэй гэж хэлж санал болгож байсан өдөр л дөө. Цаашдаа барилдаанаа хэзээ хийхээ тодорхой мэдэгдэж байвал бид төлөвлөгөөндөө оруулаад л явах бололцоотойгоо би Х.Баттулга гишүүнд хэлэхэд Ерөнхийлөгч “Ирэх жилийнхээ төлөвлөгөөнд оруулаарай, цаашдаа энэ барилдааныг гадаадад биш монголдоо явуулж байх нь зөв шүү” гэж бидэнд хэлсэн.

 

Манайх чинь наадмаас наадмын хооронд болох бүх барилдаанаа өдөр, цагаар нь тусгасан календарчилсан төлөвлөгөөгөө хэвлээд наадмын дараахан тараачихдаг болохоор бөхчүүд, үзэгчид бүгд бэлдсэн байдаг тул өөрчлөөд байж болдоггүй юм.


Эх сурвалж: “Бөх сонин”